/2023.05.05/: ОХУ-ын цэргийн хувийн компанийн тэргүүн Пригожин Украинд тулалдаж амь үрэгдсэн хөлсний цэргүүдийнхээ цогцсыг харуулсан дүрс бичлэгт Кремлийн албаныхныг доромжилжээ.
Пригожин өнгөрсөн сард хэрвээ нэмэлт сум өгөхгүй бол байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа зүүн Бахмут хотоос хөлсний цэргүүдээ эргүүлэн татна гэж сүрдүүлж байсан юм.
Өнөөдрийн видео бичлэгт тэрээр зэвсгийн талаар дахин дурдаж, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нарт цогцоснуудыг харуулахыг уриалсан байна.
Мөн тэрээр “Эдгээр бол хэн нэгний новшийн аав, хэн нэгний новшийн хөвгүүд. Та нар бидэнд сум өгөөгүйгээс болж эд нар үхэж байна. Та нар тамд шатах болно. Та нар тансаг клубтээ суусаар, харин та нарын хүүхдүүд чинь YouTube энэ тэрд бичлэг хийх дон туссан байна. Та нар өөрсдийгөө энэ амьдралын эзэн гэж бодож байна уу? Тэдний амьдралыг шийдэж чадна гэж бодож байна уу? Энэ бол энгийн математик. Хэрэв та нар зүгээр л сум өгчихвөл үхэх хүмүүсийн тоо тав дахин бага байх болно. Тэд та нарыг тансаг оффисд чинь тарган муур шиг суулгахын тулд амиа зольж байна" гэсэн юм.
Оросын Украины нутаг дэвсгэрт довтлоход гол үүрэг гүйцэтгэсэн Пригожин Москвад Путины генералууд болон батлан хамгаалахын бусад албаны хүмүүстэй байнга зөрчилддөг юм.
Тэрээр Бахмутын төлөөх ширүүн тэмцэлд Кремлээс дэмжлэг хангалттай биш байгаа талаар сүүлийн сар гаруйн хугацаанд шүүмжилсээр байна.
Эх сурвалж: CNN