/2023.05.05/: 2018 оны наймдугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах 4 дүгээр баг, Товгын ар гэх газраас 13 настай, эмэгтэй “М” гэгч хонь хариулахаар яваад сураггүй алга болсон юм.
Охиныг тус цагдаа, сумын Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Гэсэн хэдий ч хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, өнгөрсөн хугацаанд тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоон, таван жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироон хэргийн газраас 3 км газарт зөөвөрлөн модон дунд нуусан байсныг илрүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.