ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

/2023.05.03/: Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков 2023 оны тавдугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.

Тэрбээр Монголын төр, засаг ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллахад ихээхэн анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.

Мөн нэгэн зууны түүхтэй харилцааг хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр, бодит ажлаар бататгах чин эрмэлзэл байгааг онцлов.

Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улс нь ОХУ-ын хамгийн ойрын хөршөөс гадна гол түнш орны нэг гэдгийг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Тухайлбал байгалийн хий дамжуулах хоолойн төсөл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэх, шинэчлэх замаар орчин үеийн ложистикийн шаардлага хангасан төмөр замтай болгох, шинэ шугам барих зэрэгт анхаарахаа хэлэв.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хилийн боомтуудын хөгжил, мэдээллийн аюулгүй байдал, хүмүүнлэг, соёл, боловсрол, залуучуудын харилцан солилцоо, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхт 100 жилийн ойг талууд 2021 оны турш тэмдэглэн өнгөрүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдын хувиар ОХУ-д албан ёсны айлчлал хийж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн талаар Ерөнхийлөгч В.В.Путинтай зарчмын тохиролцоонд хүрсэн юм.

Мөн 2021 онд Ерөнхийлөгчийн хувиар албан ёсоор айлчлахдаа худалдаа, эдийн засаг, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлт, боловсрол, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр тохиролцсон бөгөөд энэ хүрээнд талууд холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.

Ерөнхийлөгч мөн 2022 онд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийж, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ажил хэрэг болгох тохиролцоонд хүрсэн юм.

ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков мэргэжлийн дипломатч бөгөөд гадаад харилцааны салбарт 39 жил ажиллаж байна.

Эх сурвалж: ЕТГ

Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийг эрчимжүүлэхийг нийслэлээс хүслээ
Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийг эрчимжүүлэхийг нийслэлээс хүслээ
 
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.