/2022.06.30/: “Ковид-19” халдвар намжиж улс орнуудад хөл хөдөлгөөн эрчимжсэн, Оросын Холбооны Улс, Украйн улсын хооронд үүссэн нөхцөл байдал, үүний улмаас ОХУ-ын эсрэг дэлхийн улс орнуудын авч буй хориг арга хэмжээ зэргээс үүдэн газрын тосны ханш он гарсаар 80 хувиар өсөөд байна.
Зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт багассанаас үүдэж үнэ хэлбэлзсээр байгаа нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч орнуудад хүндхэн тусаж байна.
Тухайлбал, манай улсад нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний хил үнэ өмнөх сараас 15-35 хувиар өсжээ. УУХҮЯ болон Роснефть компани хоорондын хэлцлийн дүнд өнгөрч буй 4-6 дугаар сард манай улс 1 тонн АИ-92 автобензинийг 25 хувиар хямд буюу 840 ам.доллараар худалдан авч 1 литрийг нь зах зээлд 2390 төгрөгөөр борлуулж байна.
Энэхүү гэрээг сунгах асуудлыг УУХҮЯ-ны зүгээс ОХУ-ын Роснефть компанийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд албан ёсны хариу одоогоор ирүүлээгүй байгаа юм.
Улсын хэмжээнд зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 140,575 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,773 тн, АИ-92 автобензин 53,945 тн, АИ-95 автобензин 5,636 тн, ДТ 68,505 тн байгаа ба АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 42 хоногийн, А-80 автобензиний 59, ДТ-ний 25 хоногийн, 37 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,595 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,520 тн, АИ-92 автобензин 28,466 тн, АИ-95 автобензин 4,047 тн, ДТ 27,960 тн байгаа ба АИ-92 автобензиний 30, АИ-95 автобензиний 55, ДТ-ний 25 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Иймд иргэдийг хиймэл хомсдол үүсгэж шатахуун түгээх станцуудад дугаарлалт үүсгэхгүй байхыг анхааруулж байна.