/2022.06.30/: Өнөөдөр ЭМЯ-ны Нийтийн Эрүүл Мэндийн Газар, Эмнэлгийн тусламжийн газар, НЭМҮТ, ГССҮТ удирдлагууд оролцон Хар цэгүүд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ярилцлаа.
Зуны амралтын улирал эхэлж буйтай холбоотойгоор иргэд орон нутаг лүү ихээр зорчдог нь зам тээврийн ослыг ихээр нэмэгдүүлдэг. Зам тээврийн осол нь үхлийн түвшин хамгийн өндөр бөгөөд Эрүүл мэндийн яамны судалгаагаар Монгол улсад зам тээврийн ослыг үхлийн түвшин 27 хувь байна. Өөрөөр хэлбэл осолд орогсдын 27 хувь нь нас бардаг.
Мөн Тээврийн Цагдаагийн алба , Орон нутгийн хяналтын хэлтсийн 2018 оны судалгаагаар Зам тээврийн хар цэгүүдийг тодорхойлсон байна.
Үүнд хамгийн их осол гардаг цэгээр Дорноговь аймгийн Айраг ба Даланжаргалан сумын зам, Говь-Сүмбэр аймгийн Баянтал сумын зам, Дундговь аймгийн Луусын зам, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Төв Лүн ба Баянчандмань сумын зам, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дарханы зам, Хөвсгөл аймаг Их Уул сумын замууд ороод байна.
Эрүүл мэндийн яамны ба Гэмтэл Согог Суг Үндэсний Төвийн зүгээс ДЭМБ дэмжлэгээр нийт 200 гаруй сумын эмч нарт сургалт явуулж яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр хангаад байна. 2022 онд USAID дэмжлэгээр осол гэмтэл гардаг 10 суманд яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Мөн иргэдэд яаралгүй тусламж үзүүлэх ур чадварын сургалтыг тогтмол хийнэ. ЭМЯ зүгээс Хар цэгүүд дээр тэмдэглэл байрлуулах ба Тээврийн Цагдаагийн Газартай хамтран Хар цэгийн мэдээллийг иргэдэд орон нутгийн зам дээр мэдээлж ажиллахаар төлөвлөж байна.
Зам тээврийн ослоос сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гарах бөгөөд аймгуудын нэгдсэн эмнэлгүүд дээр ажиллах гэмтлийн эмч нарын тоог нэмэх, эмч дутагдалтай аймгуудад гэмтлийн резидентүүдийг дайчлан ажиллуулах, гэмтлийн тасгуудыг бие даасан тасаг болгон өөрчлөх зэрэг асуудлыг тусгах юм.
Эх сурвалж: ЭМЯ