/2022.06.30/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Инфляц дэлхий нийтийн зовлон болж байна. Хөгжингүй АНУ, Европын Холбоонд ч гэсэн сүүлийн 40 жилд байгаагүй өндөр үнийн өсөлттэй байна. Үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш дэлхий нийтийн эмзэг асуудал болоод байна. Үүнийг бодлого боловсруулж, ард түмнийг төлөөлөх эрхтэй УИХ зүгээр хараад сууж байж таарахгүй.
Тиймээс энэ оны дөрөвдүгээр сард баталсан үнийн өсөлтийг хязгаарлах хуулийнхаа хэрэгжилтийг дүгнэн үзэж, шаардлагатай зарим арга хэмжээг хэрэгжүүлэх гарц боломжийг судлах хэрэгтэй байна.
Түүнчлэн ирэх намар үнийн өсөлт хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтай байгааг ОУ-ын банк санхүүгийн шинжээчид хэлж байна.
Тээвэр, логистик, импортоос хамааралтай манай эдийн засаг, инфляц ирэх 9,10 дугаар сар, оны эцэс гэхэд өсөж, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ард иргэд ихээхэн нэрвэгдэж болзошгүй байна. Тиймээс ерөнхийлөгч "Хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжыг сайжруулах" тогтоол гаргасан. Үүний хэрэгжилтийг сайжруулах, анхаарч ажиллах шаардлагатай байна.
Амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34,3 хувьд хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй байна гэж Дэлхийн банк болон ҮСХ-ны хийсэн судалгаагаар тогтоогдсон байна.
Тиймээс иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тиймээс инфляцыг бууруулах, үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.