/2022.06.08/: Ирэх өвөл Украины хувьд "хамгийн хэцүү" өвөл болно гэж Ерөнхийлөгч Володимир Зеленський анхаарууллаа, учир нь ОХУ-ын түрэмгийлэл нь эрчим хүчний хямралын аюулыг авчирч байгаа аж.
Сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүд:
"Хамгийн хэцүү өвөл":
Украинд "халаалтын улиралд хүрэлцэхүйц хэмжээний хий худалдан авах, нүүрсний хуримтлал, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх асуудал тулгараад байгаа" бөгөөд Оросын довтолгооны улмаас эвдэрсэн эсвэл сүйдсэн дулааны болон цахилгаан станцуудыг засварлах шаардлагатай байна гэж Зеленський хэлэв. "Оросын түрэмгийллийн улмаас үүссэн өнөөгийн нөхцөлд энэ нь тусгаар тогтнолын бүх жилүүдийн хамгийн хүнд өвөл байх болно" гэж тэр хэлэв.
Дайны гэмт хэргийн бүртгэл:
Зеленский мөн "Оросын армийн гэмт хэрэгтнүүд"-ийн үйлдлийг баримтжуулсан "Эрүүдэн шүүгчдийн ном"-ыг Украинд гаргах болно гэж мэдэгдэв. Орос улс дайны гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллийг няцаасан ч тус улсад үйлдэгдсэн харгис хэрцгий үйлдлүүдийн нотолгоог мэдээллийн агентлагууд хэдийнээ дэлхий даяар харуулсан билээ.
Крымын хуурай замын коридор:
Оросууд өөрсдийн эзэмшилд байсан Крым руу чиглэсэн хуурай замын коридорыг нээж, Украины зүүн нутаг дэвсгэрээр энгийн иргэд болон бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боломжийг олгосон гэж мэдэгджээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд хэлэхдээ, цэргийнхэн Оросын төмөр замтай хамтран 1200 километр галт тэрэгний замыг сэргээн засварлаж, Орос, Украины зүүн хэсгийн Донбасс муж болон Крымийн хоорондох хөдөлгөөнийг бий болгохын тулд замуудыг нээлээ гэв.
Дорнодод тулалдаж байна:
Украины цэргүүд Северодонецк хотод Оросын цэргүүдтэй ширүүн тулалдаанд орж байгаа бөгөөд Донбассын бүс нутагт агаарын довтолгоо ихсэж байгаа аж. Maxar Technologies-ийн хиймэл дагуулаас авсан зургаас харахад Северодонецк болон Рубижне хотын хоёр эмнэлэгт цэргийнхэн цохилт өгчээ.
Мелитополь хотын бүх нийтийн санал асуулга:
Оросын өндөр албан тушаалтнууд Украины зүүн өмнөд хэсэгт орших эзлэгдсэн хотод айлчилж, үлдсэн оршин суугчдын дунд Оросын нэг хэсэг болох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар бэлтгэж байна. Запорожийн бүс нутгийн энэхүү гол хот нь халдлага эхэлснээс хойш Оросын мэдэлд байсан Херсон мужтай хөрш зэргэлдээ оршдог.
Хамгаадагчдын цогцсыг авчирлаа:
Мариуполь дахь “Азовсталь” гангийн үйлдвэрийн “баатарлаг хамгаалагчид”-ын 200 гаруй цогцсыг Украинд буцаан авчирсан тухай Украины албаны хүмүүс мэдэгдэв.
Далайн коридорууд:
ОХУ-ын Батлан хамгаалах яам гол боомтуудаа хэдэн сарын турш бүслэн хааж байгаад олон улсын шүүмжлэлд өртсөний дараа Хар тэнгис болон Азовын тэнгист хөлөг онгоцуудыг хөдөлгөөнд оролцуулахын тулд тэнгисийн хүмүүнлэгийн хоёр коридор үүсгэсэн гэж мэдэгдэв. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Кремлийг Украины үр тарианы экспортыг хааснаар "хүнсний хангамжийг ашиглан хөгжиж буй орнууд руу далдуур дайрч байна" гэж буруутгав.
Мариупольд үүсээд байгаа холерын эрсдэл:
Бүслэлтэд байгаа орон нутгийн албан тушаалтны хэлснээр, сүйдсэн Мариуполь хотыг хянадаг Оросын албаны хүмүүс үхсэн цогцос, хог хаягдал ундны усыг бохирдуулж, үлдсэн оршин суугчдыг холер болон бусад өвчнөөр өвчлөх эрсдэлд оруулж байгаа тул хорио цээрийн дэглэм тогтоохоор төлөвлөж байна гэв.
Меркель Путины талаар:
Германы канцлер асан Ангела Меркель Орос Украиныг довтолсноор "том алдаа" хийсэн гэж мэдэгдэв.
"Үзэн ядагч" Медведев:
ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев олон нийтийн сүлжээгээр дамжуулан дайснаа "алга болгоно" гэж сүрдүүлсэн байна. "Миний Telegram нийтлэлүүд яагаад ийм хатуу ширүүн байдаг талаар надаас хүмүүс байнга асуудаг. Хариулт нь - Би тэднийг үзэн яддаг" гэж тэр хэлэв. "Тэд бол новшнууд, Тэд Оросуудыг алахыг хүсдэг. Тийм ч учраас би амьд байгаа цагтаа тэднийг үгүй хийхийн тулд бүхнийг хийх болно" гэв.