/2022.06.06/ УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Төрийн ордонд маш олон хэлэлцүүлэг хийсэн. Тухайлбал, Улс төрийн бүх намтай 2 удаагийн хэлэлцүүлэг хийсэн байна. Ерөнхийдөө дийлэнх гишүүд дэмжиж байгаа. Мэдээж манай бүлэгт асуудал байгаа.
Үндсэн хуульд нэмэлтээр 2 өөрчлөлт оруулахаар ярьж байна. Нэгдүгээрт, холимог тогтолцооны систем. Хоёрдугаарт, гишүүдийн тоо. Өчигдөр Казахстанд олон нийтийн санал асуулга явуулж, хүчтэй парламентын засаглалтай болохоор иргэдээсээ санал авч байна. Бид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүчтэй парламенттай байх тогтолцоог бий болгохыг зорьж байгаа. Энэ бол аль нэг нам эвсэл гэхээс илүү нийт улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс миний бие УИХ-ын дэд даргын хувьд ордон дотроос тэмцлээ явуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шахаж шаардаж, хийлгэнэ. Ингэхдээ зөвхөн нэг намд бус бүх намд ашигтай байхаар өөрчлөлт хийлгэхийн төлөө ажиллана гэлээ.