/2022.06.06/: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүдэд “Хэнтий тариалан” компанийн захирал Б.Батнаран Хэрлэн суманд 8 жилийн турш ашиглаж, үр өгөөжөө өгч буй тариалалтын аргыг танилцууллаа.
“Хэнтий тариалан” компани 2014 оноос хойш хөрсний үржил шим багатай, салхи ихтэй талбайд зохицсон тариалалтын аргыг амжилттай туршин хэрэгжүүлж, өнгөрсөн жил гэхэд л нэг га-гаас 22 центнер ургац хураан авсан. Технологи болж хараахан хөгжөөгүй байгаа ч энэ аргаар тариалалт хийснээр хөрсний чанар сайжирч, тэр хэрээр ургацын хэмжээ нэмэгддэг. Бага үрийн нормоор тариалдаг, зардал багатай. Хөрсийг аль болох хөндөхгүй, хөрсний байгалийн дүр төрхийг нь хадгалах замаар жил ирэх тусам хөрсөө сайжруулаад явдаг арга юм.
Уринш боловсруулж, хөрсөө өнжүүлэхгүйгээр жил бүр тариалалт хийдэг, 4-р сард тариалалтаа эхлүүлээд 8-р сард ургацаа хураан авдаг, бордоо хэрэглэдэггүй гээд олон талын ач холбогдолтой учир сүүлийн үед Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймагт хэд хэдэн компани тариалалтдаа ашиглаж байна.
“Ойрын 5 жилийн хугацаанд хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болох зорилтод энэ арга маш чухал үүрэгтэй. Бид органик хүнс экспортлогч орон болох бүрэн боломжтой. Энэ зорилгын төлөө хамтран ажиллая” хэмээн Ерөнхийлөгч тариаланчдад уриалсан юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ