/2022.06.06/: Нигерийн баруун өмнөд хэсэгт орших сүмд өнгөрсөн амралтын өдөр цуст халдлага болсон гэж орон нутгийн хууль тогтоогчид мэдэгдэв.
Халдагчид Ово хотын сүм рүү дайран орж, "буудаж" эхэлсэн бөгөөд халдлагын улмаас одоогийн байдлаар 28 хүн амиа алдсан гэж Ово тойргийг төлөөлж буй хууль тогтоогч Адееми Олайеми ярьжээ.
“Халдлага үйлдэгсэд сүм рүү мотоциклтой ирсэн бөгөөд сүм рүү дайран орж дотор байсан олон хүний аминд хүрсэн" гэлээ. Хохирогчдыг Ово дахь Холбооны эрүүл мэндийн төвд хүргэсэн байна.
Мужийн цагдаа нар Гэгээн Францисын католик сүмд амиа алдагсдын нийт тоог одоогоор баттай гаргаж чадаагүй байна гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн бөгөөд халдлагыг хэн үйлдсэн болон цаад талд нь ямар бүлэглэл байгааг тогтоож чадаагүй байна.
Ондо мужийн захирагч Аракунрин Акередолу халдлагын тухай сонсоод цочролд орсон гээд "Ово дахь хар ням гараг" гэж нэрлэжээ.
"Өнөөдөр Гэгээн Францисын католик сүмд мөргөл үйлдэж байсан Ово хотын гэм зэмгүй хүмүүс ямар ч шалтгаангүйгээр халдлагад өртөж, амь насаа алдсанд гүнээ харамсаж байна" гэж тэрээр твиттер хуудсандаа бичээд "Энэхүү сатаны дайралт бол энх тайвны эсрэг зориудаар хийсэн халдлага юм" гэжээ.
Засаг дарга "эдгээр халдлага үйлдэгчдийг агнаж, олж илрүүлэхэд шаардлагатай байгаа төлбөрийг төлөхөд бэлэн байгаа бөгөөд бүх нөөц бололцоогоо дайчлахаа" амлав.