/2022.06.06/: Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бангладешийн зүүн өмнөд хэсэгт байрлах чингэлгийн агуулахад гал гарсны улмаас 49 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан байна.
Бангладешийн төрийн мэдлийн мэдээллийн агентлаг болох Сангбад Сангста (BSS)-ын мэдээлснээр Читтагонг дүүргийн Ситакунда дахь BM чингэлэгийн агуулахад бямба гарагийн шөнө гал гарсан байна.
Амиа алдсан хүмүүсийн дунд галыг унтраахаар ажиллаж байсан есөн гал сөнөөгч байна гэж BSS мэдээлэв. Ням гарагийн орой хоёр гал сөнөөгч сураггүй алга болсон байна.
Устөрөгчийн хэт исэл, хүхэр зэрэг химийн бодисоор дүүрсэн савнууд дэлбэрсээр байгаа тул гал сөнөөгчид ням гарагийн үдээс хойшоос эхлэн галыг унтраахаар ажиллаж байна гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
Галын шалтгаан тодорхойгүй байгаа ч галын албаныхан уг галыг анхлан устөрөгчийн хэт ислийн савнаас гарч, бусад саванд тархсан байж болзошгүй гэж мэдэгджээ.
Гал түймэртэй тэмцэх албаны ажилтан Ньютон Дас хэлэхдээ, "Хортой утаа энэ бүсийг бүрхсэнээр байдлыг улам дордуулж байна" гэв.
Анхны дэлбэрэлтийн улмаас ойр орчмын газар чичирч, улмаар орон нутгийн зарим барилгуудын цонх хагарсан гэж нутгийн оршин суугчид мэдэгджээ.
Гал түймэрт амиа алдсан ажилчдын гэр бүл бүрт 11,200 доллар нөхөн олговор олгохоо тус агуулахын удирдлагууд мэдэгджээ.
Тэд мөн галын улмаас биеийн хэсгүүдээ алдсан хүнд бэртсэн ажилчин бүрт 6700 доллар, шархадсан бусад ажилчдад 4500 доллар төлөхөө амласан байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Жалакати мужийн өмнөд дүүрэгт байрлах Сугандха гол дээрх байгууламжид гал гарч, 38 хүн амиа алдсан юм.