Д.Оюунбадам: Төсөв боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог сайжруулах шаардлагатай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Оюунбадам: Төсөв боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог сайжруулах шаардлагатай байна

Нээлттэй Нийгэм Форумын Төсвийн хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам

/2022.06.02/ ОУ-ын төсвийн түншлэл байгууллагаас хоёр жил тутамд эрхлэн гаргадаг "Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа"-ны 2021 оны дүнг өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр танилцуулжээ. Үүнтэй холбоотойгоор Нээлттэй Нийгэм Форумаас өнөөдөр Монгол Улсын дүнг танилцууллаа.

Төсвийн нээлттэй байдлын судалгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгууруудыг ашигладаг хараат бус, харьцуулсан, нотлох баримтад суурилсан судалгааны арга хэрэгсэл юм. Энэ удаагийн судалгаанд дэлхийн 120 орныг хамрагдсан байна. Манай улс 2006 оноос хойш энэ судалгаанд нэгдэж, улсын төсвийн ил тод байдал, төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал, төсвийн хяналтын тогтолцооны түвшнээ дэлхийн 100 гаруй оронтой харьцуулах боломжтой болжээ.

2021 оны олон улсын судалгааны дүнгээс харахад Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломж хангалтгүй хэвээр байгааг Нээлттэй Нийгэм Форумын Төсвийн хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам онцоллоо. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос,

  • Төсвийн нээлттэй байдлаар 60 оноо
  • Олон нитийн оролцоогоор 13 оноо
  • Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 76 оноотой үнэлэгдсэн байна.

Төсвийн ил тод байдлаар манай улс нийт 120 орноос 38-д эрэмбэлэгджээ.

Энэ талаар Нээлттэй Нийгэм Форумын Төсвийн хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам:

-Улсын төсвийн мэдээллийг ил тод болгох боломж нэлээд хангагдсан. Харин үүнд иргэд оролцож байж засаглал илүү сайжирна. Гэтэл манайх төсөв боловсруулах явцад иргэдийг ерөөсөө оролцуулдаггүй. Зөвхөн шилэн дансанд мэдээлэл тавьчхаад санал өгөх гэсэн хэсэгт саналаа өгөх механизмыг бий болгосон нь хангалтгүй байна. Иргэдэд илүү хялбар байдлаар саналаа өгөх боломжийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Нөгөө талаар иргэдийн зүгээс Сангийн яамны шилэн дансанд байршиж байгаа мэдээллийг сайн үзэж, танилцан өөрсдийнхөө оролцоог хангуулах тал дээр шахаж, шаардах хэрэгтэй гэв.

Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр дараах зөвлөмжийг боловсруулжээ. Тодруулбал,
Монгол Улсын Сангийн яам төсвийн хэрэгжилтийн үед иргэдээс цахимаар санал авах боломжийг бүрдүүлсэн боловч иргэдийн оролцоог цаашид улам бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:

  • Төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоог хангах аргуудыг туршилтын журмаар нэвтрүүлж эхлэх;
  • Эмзэг болон төлөөлөл багатай бүлгийг шууд, эсвэл тэдгээрийг төлөөлдөг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй татан оролцуулах.

Улсын Их Хурал улсын төсвийг батлахтай холбоотой иргэдээс санал авах боломжийг бүрдүүлсэн хэдий ч дараах арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх шаардлагатай:

  • Олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч төсөв батлагдахаас өмнөх хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх.
  • Олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч аудитын тайлан хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх.
  • Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны төрөл бүрийн сувгаар дамжуулан Төсвийн төслийн талаар олон нийтийн зүгээс санал бодлоо илэрхийлэх боломжийг олгох.

Үндэсний аудитын газар нь аудитын хөтөлбөр боловсруулахад иргэдийг оролцуулах механизмыг бий болгосон байна. Цаашид төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авах шаардлагатай:

  • Холбогдох аудитын шалгалт хийх үйл явцад олон нийт хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлсэн албан ёсны механизмыг бий болгох.

3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршлуудыг танилцуулж байна
3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршлуудыг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.