/2022.05.31/: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Орхон аймагт зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлт, хот” чуулганы үеэр салбарын сайд Б.Бат-Эрдэнэ зарим гадаад хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт хийсэн байна.
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил, Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар байлцав.
Монгол Улсад 2021 оны байдлаар Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт 370, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 420, Хомын талын байгалийн цогцолборт 108 нийт Монгол Улсад 920 гаруй тахь сэргээн нутагшиж байна. Прагийн амьтны хүрээлэнгээс ирсэн тахиудын нутагшилт маш сайн байгаа бөгөөд Зүүнгарын говьд тахийн тоо толгой өсөхөд бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.
Иймд Чехийн талаас тахийг эх оронд нь нутагшуулах боломжит газрын судалгааг хийснээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд танилцууллаа.
Тухайлбал, Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах Ар сүмийн хоолой дахь Өлзийтийн нуур орчмын газар нь тааламжтай бэлчээртэй, уст цэг хангалттай их, адуу мал тухайн нутагт маш бага байсан учир тахь нутагшуулж, тахь шинэ нөхцөлд дасгах хашаа барихад тохиромжтой гэж үзжээ.
Мөн Монгол Улсад аялалын маршрутын зураглал гаргах, хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг танилцууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ дээрх саналуудтай танилцаад, ихэд талархалтай байгаагаа илэрхийлээд, бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: БОАЖЯ