/2022.05.30/: Этиопийн төлөөлөгчдийн тэргүүн тус улсын Уул уурхайн яамны Бичил уурхайн асуудал хариуцсан газрын дарга Мерга Кенеа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалаас урилга ирүүлсэн явдалд талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Монгол Улсад бичил уурхайн талаар туршлага судлах, хууль эрх зүйн орчинтой танилцах зорилгоор ирснийг тэмдэглэв.
Тэрээр Этиопийн эдийн засагт хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхай, технологи, аялал жуулчлал гэсэн 5 салбар голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Этиопийн Засгийн газраас уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахыг онцгойлон анхаарч ажилладагийг дурдлаа.
Дэд сайд О.Батнайрамдал Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрдэс баялгийн салбар олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих зорилт тавин ажиллаж байгааг онцлоод бүтээн байгуулалтын томоохон төслүүд, тухайлбал Дорноговь аймгийн Алтан ширээ суманд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэрийн талаар товч танилцууллаа.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс салбарын хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан, цаашид Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгааг тэмдэглэсэн.
Уулзалтын төгсгөлд, Этиопи Улсын Уул уурхайн яамны төлөөлөгчдөд УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар “Бичил уурхайн хууль эрх зүйн орчин” сэдвээр, мөн Эрдэс баялаг, эмэгтэйчүүд холбооны зөвлөх Байгалмаа “Уул уурхайн салбарт эмэгтэйчүүд” сэдвээр тус тус илтгэл тавьж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Эх сурвалж: УУХҮЯ