/2021.08.12/: Дельта хувилбарын тархалт их байгаагаас хүүхдүүд өвдөх тохиолдлын тоо нэмэгдэж байна.
София гэгч охин 12 насны төрсөн өдрөөрөө вакцин хийлгэх байсан боловч төрсөн өдрөөсөө хоёр долоо хоногийн өмнө коронавирусын халдвар авчээ. Эхэн үедээ тэрээр халуурч дөрвөн өдрийн гэрийн хорионд байсан боловч 7-р сарын 25-нд түүний хавиргаар нь өвдөж эхэлсэн байна. Маргааш нь ээж нь охиноо яаралтай тусламжийн өрөөнд аваачсан бөгөөд цээжний рентген шинжилгээгээр София уушгины хатгалгаа туссан болохыг тогтоожээ. Удалгүй тэр цус ханиалгаж эхэлсэн тул тэр даруй Майами дахь Никлаусын хүүхдийн эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Түүнийг эмнэлэгт хэвтсэн тэр өдөр Ковид-19-р өвдсөн 130 хүүхэд АНУ-ын эмнэлгүүдэд хэвтсэн гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Хүүхдүүд эмнэлэгт хүргэгдэх тоо нэмэгдсээр байгаа гэнэ.
Дээрх үзүүлэлтээс харвал Ковид-19 хүүхдүүдэд хөнгөн тусаж байна гэсэн ойлголт өөрчлөгдөж байгаа нь анхаарал хандуулах асуудал болоод байна. Халдварын голомт дээр ажиллаж байгаа эмч нар цар тахлын өмнөх давалгааны үетэй харьцуулбал одоо халдвар авч, эмнэлэгт хүндэрч ирэх хүүхдүүд тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь Дельта хувилбар дэгдэж байгаатай холбоотой байх магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Бостоны Хүүхдийн Эмнэлгийн хүүхдийн халдварт өвчний мэргэжилтэн, доктор Ричард Малли хэлэхдээ "Дельта хувилбар нь хүүхдүүдэд илүү аюултай байж магадгүй гэдэгт бүгд бага зэрэг санаа зовж байна" гэжээ.
Харин эрдэмтэд "Ковид-19 туссан ихэнх хүүхдүүдэд илрэх шинж тэмдэг нь хөнгөн байгаа бөгөөд Дельта хувилбар нь хүүхдүүдийг бусад хувилбараас илүү хүнд өвчлүүлж байна гэсэн дүгнэлт хийх хангалттай нотолгоо хараахан байхгүй байна" гэж хэлэв.
Тодорхой байгаа зүйл бол 12-оос доош насны хүүхдүүд вакцинд хамрагдахгүй байгаа болон Дельта хувилбарын тархалт өндөр байгаа зэрэг хүчин зүйлс нь хүүхдүүдийн дундах өвчлөлийг нэмэгдүүлж эмнэлэгт хэвтэх нь ихсэж байна гэж доктор Малли хэлэв.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй зарим хүүхдүүд чихрийн шижин, астма гэх мэт бусад архаг өвчинтэй байгаа нь тэднийг Ковидын хүндрэлд хүргэж байгаа юм.
Дельта хувилбар илүү хүнд болсон эсэхээс үл хамааран энэ хувилбар нь хүүхэд, насанд хүрэгчдэд, ялангуяа вакцины хамралт багатай газарт шинэ халдварын тархалтыг өдөөж байгаа нь тодорхой байна.
Эх сурвалж: nytimes.com