/2021.08.11/ Өнгөрсөн оны хоёрдугаар сард Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Тавантолгой түлш” ХХК-ийн Толгойтын үйлдвэр, ойр орчмын нөхцөл байдалтай танилцсан юм.
Энэ үеэрээ тус үйлдвэрийг Налайх руу нүүлгэж, одоо байгаа газрыг түлш нөөцлөх хэсэг болгохоор тогтсон. Мөн уг шийдвэрт энэ оны гуравдугаар улирал гэхэд үйлдвэрийг Улаанбаатар хотоос гаргасан байхаар тусгасан юм.
Тиймээс манай сурвалжлах баг дээрх асуудлыг тодруулахаар “Таван толгой түлш” ХХК-г зорьлоо. Бидний очих газар төв замаасаа нэлээд зайтай байрладаг аж. Мөн шахмал түлшний үйлдвэр рүү дөхөхөд утаа тортог ихтэй андашгүй байлаа. Мэдэхгүй хүнд бол тус тортгийг дагаад явахад очихоор байв.
Төв замаар зааглагдсан тус газрын эсрэг талд олон тооны айл суурьшдаг аж. Өнгөрсөн өвөл тухайн айл өрхүүд гомдол мэдүүлсний дагуу хэвлэл мэдээллийнхэн СХД-ийн 22 дугаар хороонд очиж үүсээд буй нөхцөл байдлыг сурвалжилж байсан.
Тэдний хувьд хүүхдүүдээ ч гадаа тоглуулах боломжгүй, өглөө бүр зузаан тортог гэр дээр нь тогтдог, үүнээс болж хүмүүс тоосны харшилтай болж эрүүл мэндээрээ хохирч буйгаа хэлж байсан юм.
Биднийг шахмал түлшний үйлдвэрийн үүдэнд ирэхэд ордог хаалганаас нааш 200-300 метр хэртэй зайд ажилчдынх нь машин эгнэн зогссон байв. Үйлдвэрийг гаднаас нь харахад хойш өргөөшөө нэлээд зай талбайг хамарч байрладаг нь илт байлаа. Тус газрыг улсын тусгай хамгаалалтад авсан учир харуулынхан ажилчдыг бүртгэн цааш нэвтрүүлж байсан юм.
Биднийг шалган нэвтрүүлэх хэсэгт очиж үйлдвэр нүүлгэх асуудлыг тодруулах гэтэл мэдээлэл өгөх албаны хүн, удирдлагууд нь ажлын байран дээрээ байхгүй, амралтаа авсан гэдгийг тэд хэллээ.
Гэхдээ өнөөдрийн байдлаар тус үйлдвэр үйл ажиллагаа хэвийн явуулж байсан бөгөөд нүүлгэн шилжүүлэх шинж ажиглагдаагүй юм.