/2022.04.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-МУ-ын гадаад өр 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 33 тэрбум доллар болсон байна. Гэтэл өр нэмэгдүүлэх, хотын түгжрэл бууруулах нэрийдлээр их наяадын зээлд ЗГ-ыг баталгаа гаргахыг шаардаж, 1 км нь 60 сая ам доллараар хийгдэх хөнгөн галт тэрэгний төсөл оруулж ирлээ. Энэ нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг зөрчиж байгаа. Тус асуудлыг хууль зөрчиж, өрийн тааз хэтэрсэн тухай асуудлыг ганцаараа бодит үнэнээр нь ярьсан Хүрэлбаатар гишүүнийг ардын дайсан болгож байна. Бид улсын ашиг сонирхлын тухай ярих ёстой.
МУ-ын өр бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Урд хөрш болон бусад улсаас их хэмжээний зээл авсан Казахстан, Шри Ланка зэрэг улс газар нутгаа өгөх дээрээ тулаад байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг бид баталсан. Нийслэлд бонд гаргаж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрх нь нээлттэй байгаа. Гэтэл яагаад МУ-ын өрийн таазыг нэмэх асуудлыг УИХ-д оруулж ирээд байгаа юм бэ.
Засгийн газар, улсаа барьцаалж олон арван тэрбум долларын зээл авах асуудлыг ард түмнээсээ асууя. Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар яаралтай санал асуулга явуулъя гэлээ.
Харин үүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан:
-МУ-ын Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа гадаад өрийн дунд хугацааныхаа хуульчилж өгсөн хязгаар дотор байгаа. Та мэдээлэл дутуу байгаа юм шиг байна. ЗГ-ын энэ удаагийн өргөн барьсан тодотголоор орж ирж буй баталгаанууд багтаад 60,7 хувьд хүрсэн байгаа. Өнөөгийн үнэ цэнээрээ. Байх ёстой дээд хязгаар 70 хувь. Өөрөөр хэлбэл бид доод хязгаараа барьж байгаа гэсэн үг гэв.