/2021.08.09/: КАБУЛ-Талибаны цэргүүд олон сарын турш бүслэлтэд байлгасан мужийн төв болох Кундуз хотыг ням гарагт эзлэн авсан байна.
Кундуз мужийн зөвлөлийн гишүүн Гулам Рабани Рабани хэлэхдээ, Афганистаны цэргүүд Кундузын нисэх онгоцны буудлын ойролцоох цэргийн баазыг хяналтандаа байлгаж байгаа боловч Талибаны дайчид хотын төв рүү довтолж, тэндэхийн засгийн газрын үндсэн байгууламж руу дайралт хийжээ. Орон нутгийн удирдлагын албан тушаалтнууд хотын төвөөс гарч цэргийн бааз руу дүрвэв.
Талибаны дайчид хойд зүгээс Кундуз руу дайрч, хотын шоронг тэр даруй эзлэн шоронд хоригдож байсан Талибаны дайчид байсан олон арван хоригдлуудыг суллан хүчээ нэмэн Кундузын төвд орших засгийн газрын гол байгууламж руу дайралт хийжээ.
Ням гарагт Талибаны цэргүүд Сар-е Пол мужийн нийслэл рүү дайрсан боловч мөргөлдөөн үргэлжилсээр байгаа гэж мужийн орлогч Абдул Малик Азими утсаар мэдээлэв. Аймгийн зөвлөлийн гишүүн Сайед Асадулла Даниш хэлэхдээ, Талибаны дайчид хотын засгийн газрын барилгыг хяналтандаа аваад байна гэв.
Талибанчууд АНУ-ын цэргүүдийг гаргаж эхэлснээс хойш хэд хоногийн дараа дайралт хийж эхэлсэн бөгөөд баасан гаригт нийслэл хот Нимруз, бямба гаригт баруун хойд нутгийн Жовзжан мужийн төв Шеберган руу дайран эзэлсэн байна.
Талибаны дайчид Кундуз, Сар-е Пол хотын засгийн газрын чухал байгууламжуудыг бүрэн хяналтандаа байлгаж, "дайсны үлдсэн хүчийг хөөж байна" гэж Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мужахидын мэдэгджээ. Тэрбээр Афганистаны засгийн газарт "тулалдахаа зогсоохыг” уриалаад зэвсгээ хаяж бууж өгсөн хэн бүхэнд "хамгаалалт өгнө" гэж амлаж байгаагаа сануулав.
Мөргөлдөөн орон даяар даамжрахын хэрээр Талибанчууд Афганистаны цэргүүд болон АНУ-ыг агаарын хүчийг хавтгайруулан ашиглаж, олон тооны энгийн иргэдийг хөнөөж, шархдуулж байна гэж буруутгаж байгаа ажээ. Хүний эрхийн байгууллагууд мөн энгийн иргэд амиа алдах нь нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж байна.
Олон жилийн турш Талибан болон Афганистаны засгийн газрын цэргүүдийн хоорондох мөргөлдөөний дийлэнх нь тус улсын хөдөө орон нутагт болдог байсан бол одоо талибууд том хотууд руу довтолж байгаа тул олон энгийн иргэд амь үрэгдэх эрсдэл их байна гэж НҮБ-ын Афганистан дахь тусгай төлөөлөгч Дебора Лионс анхааруулжээ.
Баасан гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өгсөн мэдүүлэгтээ Лионс, "Тус улсын хамгийн маргаантай мужийн төвүүдийн нэг болох Лашкар Гах хотод 10 хоногийн дотор 104 орчим энгийн иргэн амь үрэгдэж, 403 хүн шархадсан" гэжээ. НҮБ-ын саяхны тайланд хэрвээ дайн өнөөгийн байдлаар үргэлжилбэл энэ онд энгийн иргэд "урьд өмнө байгаагүй" хэмжээнд хүрч амь үрэгдэж болзошгүй байгааг анхааруулжээ.
Лионс хэлэхдээ "Хот суурин газар руу дайрах нь асар их хохирол учруулж, энгийн иргэдийг их хэмжээгээр хохироох болно" гэжээ.
Эх сурвалж: washingtonpost.com