/2022.04.08/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ Сүхбаатарын талбайд байгаа жагсагчдад танилцуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн жагсаалын үеэр талбайд гарч, жагсагчдын асуултад хариулан саналыг нь сонсоод тэдний зүгээс гаргасан шаардлагыг нь хүлээн авсан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар ээлжит бусаар хуралдсан билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-ЦЕГ, ТЕГ-ын дарга нар Засгийн газрын хуралдаанд оролцож мэдээлэл хийсэн. Саатуулсан бүх хүнийг сулласан, дахин энэ төрлийн асуудал үүсгэхгүй гэж амласан.
МУ-ын Засгийн газар тусгай хэмнэлтийн горимд шилжиж байна. Тухайлбал, Төрийн албан хаагчид том оврын автомашиныг нийслэлд ашиглахгүй байх, тус машинуудыг нэгдсэн байдлаар зохион байгуулж зогсоолд зогсоохоор шийдвэрлэлээ. Цаашлаад төрийн албан тушаалтнуудын өрөө тасалгаанд тодорхой хэмжээний м.кв-ын шаардлага тавих болон бусад хэмнэлтийн асуудлыг ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Засгийн газар та бүхний 15 шаардлагыг 11-ийг бие даан шийдвэрлэх нөлөөтэй байна. Цаашид чадах бүх зүйлээ хийх болно. Ингээд та бүхэн минь Үндсэн Хуулиа хүндэтгэж тайвнаар эвлэлдэн нэгдэж чадсан шигээ тайвнаар тарахыг хүсье гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр жагсагчдад дараах есөн амлалтыг өгсөн билээ.
Тодруулбал:
- Иргэдийг сулласан. Хэрэв худлаа байвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно.
- Өчигдрийн жагсаалтай холбогдсон иргэдэд ямар ч хариуцлага тооцохгүй.
- Өгсөн шаардлагын дагуу хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Үүнд иргэдийн зүгээс ажлын хэсэг гаргаад хамтран ажиллаж болно.
- Яг өнөөдрийн жагсаалаас гарсан шаардлагын төлөө Засгийн газар хуралдана. Үүнд иргэдийн төлөөллийг оролцуулна.
- Авлигын эсрэг тууштай тэмцэнэ. Асуудал гарвал бодитойгоор мэдэгдэнэ, худлаа ярихгүй.
- Ялын бодлогыг чангатгах асуудлыг дөрөвдүгээр сарын 13-нд Засгийн газрын хурлаар оруулан УИХ-д өргөн барина.
- УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас шалгадаг болгох хуулийн заалтыг лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулж өгнө.
- 30 жилийн авлига хүнд суртлын гинжийг таслахын төлөө өөрийнхөө бүхий л амьдралыг зориулна гэдгээ тангараглаж байна.
- Засгийн газар үнийн хөөрөгдлийг барихын тулд хууль санаачилан батлагдвал үнийг тодорхой хэмжээнд барих мөнгөний бодлого хийнэ.