Л.Оюун-Эрдэнэ: Өмнөх 30 жилийн “баас“-ыг цэвэрлэх гэж аргаа барж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Өмнөх 30 жилийн “баас“-ыг цэвэрлэх гэж аргаа барж байна

/2022.04.06/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан болж байна.

Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг яаралтай горимоор хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Үнийн өсөлтийг тогтворжуулах хууль хэлэлцэж байна л даа. Үнэхээр үнийг тогтоож болдог бол үүнээс сайн зүйл гэж юу байх вэ. Гэтэл үнийг тогтоох оролдлого бүхэн цаанаа эдийн засгийн системээ хорлож байдаг.

Энэ хууль батлагдаад цааш явах байх. Гэхдээ Ерөнхий сайдаас асуухад, валютын ханш урд хөршөөс хамаарах байх. Урд хөрш хэзээ хилээ нээж, хэвийн горимоор үйл ажиллагаагаа явуулна гэсэн эдийн засгийн төсөөлөл байна уу. Ямар арга хэмжээ авах вэ. Ямар хүлээлттэй байгаа вэ.

Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд томилогдохдоо төрийн өмчид шинэчлэлт хийнэ, олон нийтэд нээлттэй болгож, хувьчилна гэж байсан. Одоог хүртэл үүнээс ямар ч сураг алга.

Харин үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Тантай би санал нэг байдаг. Эрчим хүчний үнийг чөлөөлж, Тавантолгойн түлшийг зах зээлийнх нь үнэ дээр ашиг нэмж зармаар байна. Төрийн албан хаагчдын тоотой холбоотой томоохон реформ хийгдэх ёстой. Бид хувь илүү либералчлах бодлого барьж явах нь чухал.

Төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотой асуудал яригдаж байгаа. Шууд хувьчилна гэхээр өмнөх аваад идчихсэн ах нарын асуудал босож ирээд олон нийт итгэхгүй болчхоод байна. Өмнөх 30 жилийн баасыг цэвэрлэх гэж аргаа барж байна. Хөгжлийн банкны асуудлаас эхлээд. Босгосон бондоо хуваагаад авчихсан хүмүүсийн хойноос хөөцөлдөхөд нэлээд цаг орж байна. Харин ч цэгцлээд явж байгаа гэж ойлгож байгаа.

Төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотой асуудал тун удахгүй УИХ-аар орж ирнэ. Харин та үүн дээр Улс төржихгүй дэмжихийг хүсье. Зөв зүйл дээрээ бид улс төржихгүй биенийгээ дэмжээд явбал МУ урагшлах байх гэж бодож байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.