/2021.08.06/ Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефаны Бурри тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлаг үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд, бидний харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд суурилсан хамтын ажиллагаа цаашид урт хугацаанд амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Тэрбээр “Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ардчилсан парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран ажиллаж, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хамтран хэрэгжүүллээ.
2016-2021 онд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатанд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэхэд техникийн дэмжлэг үзүүлж, хуулийн хэрэгжилтэд парламентын хяналт тавих чадавхыг сайжруулах чиглэлээр Швейцар, Монголын парламентын Тамгын газрууд хооронд техникийн хамтын ажиллагааг эхлүүлсэн. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хооронд хамтын ажиллагааны сайхан уламжлал, баялаг туршлага нэгэнт бий болсон. Өнөөдөр бид хамтын ажиллагаагаа шинэ шатанд хүргэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах гэж байгаадаа баяртай байна” хэмээгээд богино хугацаанд үр дүнтэй олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефаны Бурри хэлэхдээ “Швейцарын хөгжлийн агентлаг, Улсын Их Хурлын Тамгын газрын хамтын ажиллагаа урт хугацаанд, тогтвортой, амжилттай үргэлжилж байна. Энэ үйл ажиллагааны үргэлжлэл болсон шинэ төслийг эхлүүлэх гэж байгаадаа баяртай байна. Өмнөх төслүүдийн сайн үр дүнг харах урамтай байна. Гарын үсэг зурах энэ удаагийн төсөл маань илүү өргөн цар хүрээг хамрах бөгөөд төслийн гол зорилго парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа. Швейцарын хөгжлийн агентлаг 2024 оноос төсөл, хөтөлбөрүүдээ албан ёсоор зогсоох шийдвэр гаргасан ч Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүд маш сайн үр дүнтэй хэрэгжсэн тул хоёрдугаар шатны төслийг эхлүүлэхээр болсныг хэлэх нь зүйтэй. Энэхүү төсөл мөн амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уулзалтын дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефаны Бурри нар Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл нь Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шатны төсөл болж байгаа юм.
Уг төсөл 2.5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Улсын Их Хурлын хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэшсэн, чадварлаг албыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Уулзалт, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон бусад албаны хүмүүс байсан юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс