/2021.08.06/ Эм, эмийн хэрэгслийн хангамж болоод эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гомдол саналыг 1111 дугаарт хүлээн авна гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу дүүргийн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн цар тахлын үеийн шаардлагатай эм, нөөцийн бэлэн байдал, тоног төхөөрөмжтэй танилцсан байна.
"Ковид-19" халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд ремдесивир, умифеновир зэрэг вирусын эсрэг эмийн нөөц дутагдалтай байгаа аж.
Тиймээс эмийн нөөц бүрдүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байгааг Эмийн хяналт зохицуулалт хариуцсан Ажлын хэсгийнхэн хэлсэн байна.
Мөн маш хүнд, хүнд ангиллын өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгүүд төрөөс тогтоосон эмчилгээний төсвөөс хэд дахин илүү зардлаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс нэгдсэн стандарт бий болгох хэрэгтэй байна гэв.
Харин Шадар сайд С.Амарсайхан, "Ковидын халдвар манай эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлыг ил болгож өглөө. Нэгдсэн удирдамж, стандарт байхгүй учраас эмч эмнэлгийн ажилтнууд хувийн үзэмж, хандлагаараа өвчтөнүүдэд дурын эм, тариагаа бичиж өгдөг. Тиймээс одоо бид Ковидын үеийн эмчилгээний нэгдсэн удирдамжыг яаралтай баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой. Үүнд иргэдийн оролцоог хангахын тулд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төвийн 1111 дугаарын утсаар эмнэлгүүдийн эм, эмийн хэрэгслийн хангамж болоод эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гомдол саналыг хүлээн авах шугам нээж ажиллуулна” хэмээн онцоллоо.
Эх сурвалж: zasag.mn