/2022.03.23/ 409 дүгээр хорих ангид хоригдож буй Э.Бат-Үүл Украинд явуулж байгаа ОХУ-ын бодлогыг эсэргүүцэж хорих ангид өлсгөлөн зарлажээ. Үүнтэй холбоотойгоор түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай мэдээлэл хийлээ.
Б.Чулуудай:
-Аав минь "Би өлсгөлөнгөөс хэзээ ч айхгүй. Энэ бол миний эрх чөлөөний төлөөх зэвсэг юм" гэж хэлсэн. Хэрэв прокурор түүний хүсэлтийг хүлээж авахгүй бол эрхийнхээ хүрээнд хуурай өлсгөлөн зарлана гэдгийг мөн хэлсэн.
Миний аав хуулийг дээдэлдэг хүн. Энэ утгаараа эмнэлгийн хяналт дор, дотоод журмынх нь дагуу өлсгөлөн зарлаж байна. Түүнийг өчигдрөөс хойш өлсгөлөн зарлаж эхэлсэн гэж бид ойлгож байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар түүнийг хорих 461-р анги руу шилжүүлсэн эсэх, эсвэл 409-р ангид өрөөндөө өлсгөлөн зарлаж байгаа үгүйг бид мэдэхгүй байна. Өнөөдөр өмгөөлөгч маань очиж тодруулах байх.
Тэрбээр ач охиндоо болон надад захидал илгээсэн ч өгөөгүй. Түүнийг нийгмээс бүрэн тусгаарлаж байна гэж ойлгож байгаа.
Өмгөөлөгч А.Пүрэвдулам:
-Э.Бат-Үүл бол хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж, ар гэрийнхэнтэйгээ захидал харилцаагаар холбогдох үндэслэлгүй юм гэсэн ташаа мэдээллэл олон нийтийн дунд түгэж байна. Хорих 409-р анги бол дамжин өнгөрөх газар юм. Энэ ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй буюу гэм буруутай гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүсийг хорьдог. Тиймээс түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулиар хязгаарлах ямар ч үндэслэл байхгүй. Гэтэл Э.Бат-Үүлийг хорих 409-р ангид очсон цагаас хойш эрх чөлөөг нь хязгаарлаж эхэлсэн.
Яагаад гэдгийг тодруулах хүсэлтийг бид удаа дараа хорих ангийн удирдлагууд болон прокурорын байгууллагад тавьсан. Тэгэхэд ямар ч хууль ёсны, үндэслэл бүхий хариулт хэлдэггүй. Тиймээс тэрбээр өөрийн жам ёсны эрхийг шаардаж өлсгөлөн зарлахаас өөр аргагүй байдалд хүрлээ.