Жилийн жилд л нийслэл Улаанбаатар хот сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу хүүхдийн цэцэрлэгийн асуудалтай байдаг. Тиймээс улсын зарим цэцэрлэгүүд шинээр цэцэрлэгт орж буй хоёр настнуудын дунд сугалаа явуулж, элсүүлдэг “шударга бус” тогтолцоо бий болоод удаж байна.
Уг нь нэг ангид 25 хүүхэд хүмүүжинэ гэж заасан байдаг ч өнөөдрийн байдлаар нийслэлийн бүх цэцэрлэгийн багтаамж хоёр дахин нэмэгдсэн байдалтай байгаа юм. Тухайлбал, хүн амын тоогоор дээгүүрт жагсдаг БЗД-ийн гурван цэцэрлэгт ороход бүгд байх ёстой стандартаасаа илүү тооны хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байв.
Нийслэлийн 122-р цэцэрлэг-ийн арга зүйч Н.Бяцханцэцэг:
-Манай цэцэрлэгийн хувьд ачаалал дундаж байна. Ерөнхийдөө нэг ангид 25 хүүхэд байх нь стандарт гэж үздэг. Харин манай цэцэрлэгийн нэг бүлэгт дунджаар 40 хүүхэд суралцаж байна. Зарим ангид энэ тоо 42,43 байна гэсэн юм.
Нийслэлийн 147-р цэцэрлэг-ийн арга зүйч н.Дуламжав:
-Манайх 330 хүүхдийн багтаамжтай. Өнөөдрийн байдлаар нэг ангид 40 орчим хүүхэд суралцаж байна гэв.
Харин 129-р цэцэрлэгийн хувьд 360 хүүхдийн багтаамжтай ч өнөөдрийн байдлаар 600 гаруй хүүхэд хамруулж байгаа ажээ.
ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ АГУУЛАХ БОЛГОЖЭЭ
БЗД-ийн 15,18 дугаар хороонд яг ижилхэн хэлбэр хийцтэй 3 цэцэрлэг бий. Эдгээрийг 1989 онд Оросууд манайд барьж өгч байсан түүхтэй. Угтаа бол тухайн үед Оросууд 4 цэцэрлэгийн зориулалттай барилга бэлэглэсэн байдаг ч өнөөдрийн байдлаар дээр дурдсан 122, 129, 147 гэсэн 3 цэцэрлэг л яг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Харин үлдсэн нэг цэцэрлэгийн барилга нь өнөөг хүртэл ашиглалтад ороогүй. Эх сурвалжаас авсан мэдээллээр одоо тус барилгыг агуулах болгон ашиглаж байгаа гэлээ.
Тиймээс бид энэхүү цэцэрлэгийн барилгыг сурвалжилж БЗД-ийн 6 дугаар хороог зорьсон юм. Цэцэрлэгийн зориулалттай уг барилга Нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургуулийн урд байрладаг аж. Биднийг очиход барилгыг өндөр хашаагаар хашаалж, "сургууль цэцэрлэгийн цогцолбор" гэсэн бичигтэй самбар хадсан байлаа. Ойр орчмын оршин суугчдын хэлж буйгаар энэхүү объектыг "Наран трейд" ХХК гэх компани худалдан авсан гэлээ.
Хашаан дотор ороход нэлээд хэдэн автомашин эгнэн зогссон байв. “Наран трейд” ХХК уг талбайг "автомашины зогсоол" болгон ашигладаг талаар “Түмэн хүчит” харуул хамгаалалтын албаны ажилтан хэлж байсан юм.
Харин оросуудын барьж өгсөн барилга нэлээд хуучирч, цонх шил нь хагарсан, ойр орчимд нь тоосго, хуучирсан дээврийн төмрийн хог хөглөрсөн байдалтай байв.
Бид дээрх харуул хамгаалалтын албаны ажилтантай очиж уулзахад дараах мэдээллийг өгч байлаа. Тэрбээр,
"Энэ барилгыг "Наран трейд" компани сургууль цэцэрлэгийн цогцолбор барих зорилгоор худалдаж авсан юм гэнэ лээ. Харин хэзээ барьж эхэлж, ашиглалтад орохыг нь мэдэхгүй байна. Бараг хүн ирдэггүй. Одоо байгаа уг барилгыг буулгах эсэхийг нь ч сайн мэдэхгүй байна. Хэрэв энийг цэцэрлэг болгоно гэвэл сургууль барихад хүндрэлтэй. Авсан газарт нь багтахгүй. Тиймээс хуучин барилгыг нураах болов уу гэж бодож байна" гэсэн юм.
Энэхүү барилгын хоёр талд 21, 22 дугаар байр байдаг. Нэг барилга нь ойролцоогоор 7-8 орцтой бөгөөд тус тус 9 давхар байрууд аж. Тус орон сууцны оршин суугчийн хэлж буйгаар энэхүү "орхигдсон" цэцэрлэгийн барилга болон дээрх хоёр орон сууцыг нэг онд зэрэг барьж эхэлсэн байна. Харин оросууд явахдаа орон сууцны барилгыг "чүү ай" дуусгаж, харин цэцэрлэгийн барилгыг бүрэн дуусгаж чадалгүй явсан аж. Үүнээс хойш манайхан ашиглалтад оруулж чадахгүй явсаар өнөөдрийг хүрчээ.
Нийслэлд тулгамддаг цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх асуудал жил бүр яригддаг. Мөн жил бүр цэцэрлэгийн барилга барихад төсвөөс тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг ч санхүүгийн асуудлаас үүдэж зарим нь явцын дунд "царцах" тохиолдол багагүй. Тиймээс дээрх цэцэрлэгийн зориулалтаар баригдаж "орхигдсон" обьектыг ашиглалтад оруулж, цэцэрлэгийн сугалаанд "аз дутсан" хоёр настнуудыг суралцах эрхээр нь хангавал яасан юм бэ Сайд аа...