/2022.03.21/ Гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж болох хүүхэд багачуудын шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролыг дэмждэг цор ганц музей бол "Дүдү" хүүхдийн музей билээ.
Хүүхдийн танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой уг музей 2018 онд нээлтээ хийж байв. Тус музей багачуудад сансрын нисгэгч, гал сөнөөгч, эмч гээд өөрсдийн хүссэн дүрдээ хувирч, тоглонгоо суралцах боломжийг олгодгоороо давуу талтай.
Харин цар тахалтай хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа нь зогсож, өнөөдөр үүд хаалгаа барихад хүрчээ.
Тиймээс зарим хувийн аж ахуй нэгжүүд болон залуус сайн дураараа нэгдэн "SaveDudu" аяныг эхлүүлэхээр болжээ. Энэхүү аянд та ч мөн нэгдэх боломжтой бөгөөд багахан хэмжээний хөрөнгө оруулалт оруулангаа хүүхэдтэйгээ нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж болох юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг "Дүдү" хүүхдийн музейн пэйж хуудаснаас авах боломжтой.