/2022.03.09/: АНУ-ын Ерөнхийөлөгч Жо Байден мягмар гарагт ОХУ-ын нефтийн импортыг хориглож байгаагаа зарлалаа. Энэ нь В.Путин Украинд түрэмгийлсний шийтгэл болгож буй ээлжит үйлдэл юм.
"Өнөөдөр АНУ Оросын эдийн засгийн гол судсыг онилж байгааг зарлаж байна" гэж Байден Цагаан ордонд хэлэв.
“Бид Оросын газрын тос, байгалийн хий, эрчим хүчний бүх импортыг хориглож байна. Ингэснээр Оросын газрын тосыг АНУ-ын боомтуудад хүлээн авах боломжгүй болно. Энэ нь Путины "дайны машинд" хүчтэй цохилт болно" гэв.
Байдены Оросын газрын тосны импортод тавьж буй энэ хориг нь АНУ-ын конгресст "хоёр намын хүчтэй дэмжлэг" авсан байна.
Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нь АНУ-ын нефтийн импортын 8 орчим хувийг эзэлдэг ажээ. Харин өнгөрсөн оны хувьд АНУ-д нийлүүлсэн нийт түүхий нефтийн 3 орчим хувийг бүрдүүлсэн гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлжээ.
Оросын газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүнд Европын орнууд илүү их хамааралтай. Тиймээс тэд америктай адил хоригийг тавих боломжгүй байх өндөр магадлалтай.
Учир нь Оросоос авч буй байгалийн хий нь Европын нийт хэрэглээний гуравны нэгийг эзэлдэг.
Европын холбооны улс орнууд хориг зарлахгүй ч, цаашдаа Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаа бууруулах арга замыг эрэлхийлж болзошгүй.
Capital Economics-ийн түүхий эдийн ахлах эдийн засагч Кэролайн Бэйн хэлэхдээ: "Зах зээл дэх нийлүүлэлтэд үзүүлэх нөлөөллийн хувьд [АНУ-д] тийм ч том биш. Гэхдээ энэ хориг нь Оросод томоохон дарамт үзүүлэх болно" гэв.
Эх сурвалж: Guardian