ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛ НЬ БАЙНГА ШИНЭЧЛЭГДЭН, НЭМЭГДЭЖ БАЙХЫГ АНХААРНА УУ
/2022.2.26/ Орос-Украины дайн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Та бүхэн:
25-ны мэдээг ЭНД ДАРЖ,
24-ний мэдээг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
Яг одоо Улаанбаатарт 20.20 цаг болж байна. Харин энэ мөчид Украины нийслэл Киев хотноо 14.20 цаг болж байна.
21.19 цаг: Москва таймс: "ДАЙРАЛТ, ХАЛДЛАГА, ДАЙН ЗАРЛАСАН" ГЭЖ МЭДЭЭЛСЭН ХЭВЛЭЛҮҮДИЙГ ХААНА
ОХУ-ын Харилцаа холбооны зохицуулах байгууллагаас оросын Украин дахь дайралтын талаар мэдээлэхдээ "Дайралт, халдлага, дайн өдөөсөн" гэх мэтээр бичсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаана хэмээн мэдээлжээ.
Тухайлбал, Дождь телевизийн суваг, Новая газета сонинууд нь оросын арми Украины хотуудыг бөмбөгдөж, энгийн иргэдийн амийг хөнөөсөн талаар худал мэдээлэл тараасан хэмээжээ.
Мөн тус байгууллагаас "Москвагийн цуурай" мэдээллийн хэрэгслийг хаасан байна. Одоо Харилцаа холбооны зохицуулах газраас нь мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэлд хяналт тавих шалгалтын ажиллагааг эхлүүлж, хэрэв худал мэдээлэл тараасан гэж үзвэл 5 сая рублийн торгууль ногдуулахаар болжээ.
20.11 цаг: Аль Жазийра: КИЕВТ ХӨЛ ХӨЛ ХОРИОГ ЧАНГАТГАЛАА
Киев хотын даргы Кличко хатуу хөл хориог өглөөний 07.00 цаг хүртэл чангатгаж, хотын гудманд энэ цаг хүртэл нэг ч энгийн иргэн зорчихгүй байхыг хатуу анхаарууллаа. Хэрэв энгийн иргэн явж байвал түүнийг дайсны тагнуулын гишүүн хэмээн ойлгоно гэж Телеграмд мэдээллээ гэж Аль Жазийра мэдэгдэв.
Мөн тус сайтад ОХУ-ын экс ерөнхийлөгч Медведев "Бидэнд барууны орнуудтай дипломат харилцаатай байх "онцгой шаардлага" байхгүй гэсэн талаар мэдээлжээ.
Польшийн Дотоод хэргийн сайдын мэдээлснээр Оросын түрэмгийлэл Украинд эхэлсэн цагаас эхлэн 100 мянга гаруй Украин иргэн тус улсад нэвтэрчээ. Зөвхөн өнөөдөр /бямба/ гэхэд 9000 гаруй хүн тус улсын хилээр нэвтэрсэн байна.
19.48 цаг: Ройтерс: 198 УКРАИН ИРГЭН, ТЭДНИЙ ДОТОР 3 ХҮҮХЭД АМИА АЛДААД БАЙНА
Оросын зэвсэгт хүчин өнөөдөр Украины Мелитополь хотыг эзэлсэн гэж Оросын Интерфакс мэдээллээ. Харин Их Британийн Зэвсэгт хүчний сайд Жеймс Хиппей уг мэдээлэлд эргэлзэж, 150,000 орчим хүн амтай хот Украины гарт хэвээр байна гэж мэдэгдэв.
Барууны тагнуулын мэдээлснээр Оросын цэргүүд урьдчилан төсөөлж байснаас хамаагүй хүчтэй эсэргүүцэлтэй тулж, Украины цэргүүд хүчтэй байгаа ажээ.
ОХУ-ын түрэмгийллийн улмаас одоогийн байдлаар 198 Украин иргэн, тэдний дотор 3 хүүхэд амиа алдсан, мөн 1115 хүн шархадсан гэж Украины Эрүүл мэндийн яамны эх сурвалжийг дурьдан Интерфакс мэдээлжээ.
12.00 цаг: ukranews.com: ТАЛУУД ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА
Украин, ОХУ-ын төлөөлөгчид хэлэлцээ хийх газар, цагийг зөвшилцөж байгаа тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ хэмээн Украины мэдээллийн агентлаг мэдээлэв.
Никифоров "ОХУ-ын Ерөнхийлөгчийн саналыг бид зөвшөөрсөн. Яг энэ цагуудад талууд хэлэлцээ хийх газар, цаг хугацааны талаар зөвлөлдөж байна. Хэлэлцээ хэдий чинээ хурдан эхэлнэ, төдий чинээ хэвийн амьдралд эргэн орох боломж нэмэгдэнэ" гэж Никифоров бичсэн байна.
Украин хэлэлцээр хийхээс татгалзсан гэх мэдэгдлийг тэрбээр үгүйсгэээд "Украин гал зогсоох, энх тайвны тухай ярихад бэлэн байсан, бэлэн хэвээр байна. Энэ бол бидний байнгын байр суурь" гэж тэр онцлон тэмдэглэв.
Украины мэдээллийн агентлагийн мэдээлснээр, өмнө нь Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайныг зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард суухыг удаа дараа уриалсан ч Орос хэлэлцээ хийгээгүй.
Украины мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 2-р сарын 24-ний өглөөний 5:00 цагт Оросууд Украины Бориспил (Киев муж), Озерный (Житомир), Кулбакино (Николаев), Чугуев (Харьков муж), Краматорск (Донецк) дахь Украины аэродром руу пуужин болон бөмбөгний цохилт өгсөн. Чернобаевка (Херсон муж), Зэвсэгт хүчний цэргийн байгууламжууд болон улсын хилийн дагуух Украины нутаг дэвсгэр, суурин газруудыг буудаж эхлэжээ.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Украины зэвсэгт хүчин зэвсгээ хураавал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж мэдэгдлээ. Мөн 2-р сарын 25-ны өдөр Хятадын CCTV телевизийн хэвлэлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины талтай хэлэлцээ хийхээр Минск руу төлөөлөгчдөө илгээхэд бэлэн байна гэж мэдээлжээ.