ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛ НЬ БАЙНГА ШИНЭЧЛЭГДЭН, НЭМЭГДЭЖ БАЙХЫГ АНХААРНА УУ
/2022.2.25/ Өчигдөр Москвагийн цагаар 06.00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг би гаргалаа" хэмээн орос орон даяар мэдээлсэн юм. Та бүхэн хоёрдугаар сарын 24-ний мэдээг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Үүний дараагаар Украины газар нутагт Оросын цэргүүд дайран орж, цэргийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ талаар дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сошиал хуудаснаа шуурхай мэдээллийг дамжуулсаар байна.
17:20 цаг ВВС: Украинчууд жинхэнэ баатарлаг гэдгээ харуулж байна гэж Ерөнхийлөгч Зеленский мэдээлэв
Украины ерөнхийлөгч өмнөх мэдэгдэлдээ эх орноо хамгаалж буй иргэдээ сайшааж байсан. Тэрбээр өнөөдөр дахин мэдээлэл хийх үеэрээ, "Украинчууд жинхэнэ баатарлаг гэдгээ харуулж байна" хэмээв.
Украины Ерөнхийлөгч цэрэг, энгийн иргэдийнхээ эрэлхэг зоригт хүндэтгэл үзүүлжээ. Тус улс зэвсэг барьж чадах бүх иргэдээ эх орноо хамгаалахад нэгдэхийг уриалсан юм.
13:44 цаг ВВС: Сумы хотод Орос-Украйны цэргүүд тулалдаж байна
Украины арми зүүн хойд нутгийн Сумы хотод Украины хамгаалагчид болон Оросын халдлага үйлдэгчдийн хооронд гудамжны буудалцаан болж байгаа бичлэгийг нийтэлжээ.
260,000 гаруй хүн амтай Суми бол Оросын хилээс 30 км-ээс бага зайд оршдог бүс нутгийн нийслэл юм.
Орон нутгийн засаг захиргааны тэргүүн Дмитрий Живицкий хэлэхдээ, Оросын цэргийн томоохон цуваа Сумы хотыг өнгөрөөд баруун тийш нийслэл Киев рүү явж байна.
Тэрээр мөн тус хотын ойролцоох Конотоп хотыг оросын цэргүүд одоо бүсэлсэн гэж хэлэв.
Зарим нь цэргийн видео бичлэгийг Twitter дээр нийтэлсэн байна.
12.26 цаг: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийлээ
Их долоогийн уулзалт өнөө өглөө шуурхай хуралдлаа.
Хуралдааны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дараах мэдэгдлийг хийсэн юм. Жо Байден:
-Өнөөдөр бид ОХУ-д тавих хоригийг чангатгаж, тус улс руу экспортолдог бараа бүтээгдэхүүн дээр нэмэлт хязгаарлалтыг тавьлаа. Ингэснээр ОХУ-ын эдийн засагт хүнд цохилт болох болно. Энэ хоригийг тавихдаа ОХУ-д урт хугацаандаа нөлөөлөх зорилтыг тавьсан.
Нэг зүйлийг маш тодорхой хэлье. Энэ алхмыг АНУ дангаараа хийгээгүй. Хэдэн сарын турш дэлхийн эдийн засгийн хагасыг бүрдүүлж буй улс орнууд энэхүү төлөөллийг бий болгосон. Тухайлбал, Герман, Франц, Итали зэрэг Европын холбооны 27 улс, Их Британи, Канад, Япон, Австрали, Шинэ Зеланд улсууд багтана.
Өнөө өглөө би Их долоогийн удирдагчидтай уулзаж, дараах зүйл дээр бүрэн санал нийллээ. ОХУ-ын доллар, евро, паунд, иен ашиглах бизнесийн үйл ажиллагаанд хориг тавина. ОХУ-ын санхүүгийн үйл ажиллагааг гацааж, цэрэг зэвсгээ дэлгэрүүлэхэд нь саад тотгор үзүүлнэ. Технологийн орчинд тэдний эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулна.
Бидний үйл ажиллагаа Оросын эдийн засаг, рублийн ханшид нь хэдийнээ нөлөө үзүүлж эхэлсэн. Рублийн ханш нь өнөө өглөө түүхэндээ байгаагүйгээр унасан. Оросын хөрөнгийн зах зээл өнөөдөр уналтанд орсон хэмээн мэдэгдлээ.
10:25 цаг Kyodo News: Япон улсын Ерөнхий сайд Оросын эсрэг авах хориг арга хэмжээгээ чангатгалаа
Ерөнхий сайд Фумио Кишида ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Тус улс АНУ болон Европтой нэгдэж, Москвад дарамт шахалт үзүүлнэ гэж тэрбээр нэмж хэлэв.
Япон улс Оросын санхүү, цэргийн техник, экспорт гэсэн гурван салбарт хориг арга хэмжээ авна гэв.
10:10 цаг ASSOCIATED PRESS: Австралийн Ерөнхий сайд Хятадын хариу арга хэмжээг шүүмжиллээ
Дэлхийн ихэнх улс орнууд Оросын Украин дахь түрэмгийллийг зогсоохыг хичээж байгаа энэ үед Хятад улс худалдааны хязгаарлалтыг зөөлрүүлж Оросыг дэмжиж байгааг Австралийн Ерөнхий сайд шүүмжилжээ.
Ерөнхий сайд Скотт Моррисон Хятад улс Оросын улаан буудайн импортод бүрэн нээлттэй гэдгээ зарласан тухай мэдээлэлд хариу мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр Австрали, АНУ, Их Британи, Европын холбоо болон Япон Оросын эсрэг хориг арга хэмжээ авч байгааг тэмдэглээд Хятад улс худалдааны хязгаарлалтыг зөөлрүүлж байгаа нь "хүлээн зөвшөөрч боломгүй зүйл" гэж мэдэгджээ.
09:50 цаг AL JAZEERA: Австрали Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авав
Австрали улс ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэв.
Тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон хэвлэлийн бага хурлын үеэр "Бид түншүүдтэйгээ хамтран ОХУ-д тавих хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ" гэж мэдээлжээ.
Австрали улс Оросын дээд албан тушаалтнууд, хууль тогтоогчид руу чиглэсэн хориг арга хэмжээ авах аж.
09:36 цаг AL JAZEERA: Тайвань Орост хориг арга хэмжээ авах бодолтой байгаагаа мэдэгдэв
Тайванийн Ерөнхий сайд Су Цэн Чанг ардчилсан орнуудтай нэгдэж, Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.
Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэр хэмээн зарлаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд Бээжингийн цэргийн дарамт шахалтад нэлээд өртсөн. БНХАУ Тайванийн хямралыг анхааралтай ажиглаж байна.
09.16 цаг: KoreaTimes: БНСУ Оросын эсрэг олон улсын хоригт нэгдлээ
В.Путин өчигдөр Украин руу довтолсныг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эсэргүүцэж, Оросын эсрэг хоригт тус улс нэгдэж байгааг мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ-ын цэргийн түрэмгийлэлд харамсаж буйгаа илэрхийлж, гэм зэмгүй хүмүүсийн амь насыг хохироох аливаа хүчирхийллийг зөвтгөх аргагүй хэмээжээ. Мөн тэрээр:
Олон улсын хамтын нийгэмлэгийн удаа дараа анхааруулга, дипломат хүчин чармайлтыг үл харгалзан Орос Украин руу довтолсонд харамсаж байна. Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулах ёстой. Улс хоорондын аливаа маргааныг дайны замаар биш, харин яриа хэлэлцээ, хэлэлцээрийн замаар шийдвэрлэх ёстой гэлээ.
Ийнхүү тус улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ, нэн ялангуяа эдийн засгийн хоригт нэгдэж буйгаа илэрхийллээ.
09:00 цаг CNN: ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины 137 цэрэг амиа алдсан гэж Зеленский мэдээлэв
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр орой хийсэн мэдэгдэлдээ, "Урьдчилсан мэдээгээр, пүрэв гарагийн үүрээр Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины 137 цэрэг амиа алдаж, 316 цэрэг шархадсан" талаар мэдээлэв.
08:48 цаг CNN: ОХУ-ын цэргүүд Киевт нэвтэрсэн гэж мэдэгдэв
Владимир Зеленский Оросын хорлон сүйтгэх бүлэглэлүүд Украины нийслэл Киевт нэвтэрсэн гэж мэдэгдэв.
Зеленский өчигдөр орой хийсэн мэдэгдэлдээ, "Бидэнд байгаа мэдээллээр дайснууд намайг нэгдүгээр бай, манай гэр бүлийг хоёрдугаар бай гэж тэмдэглэсэн. Тэд төрийн тэргүүнийг устгах замаар Украиныг устгахыг хүсэж байна" гэв.
Мөн тэрбээр, "Би бусадтай хамт засгийн газрын байранд байрлаж байна" хэмээн нэмж хэлэв.
08:13 цаг BBC: Зеленский бүх нийтийн дайчилгааг зарлалаа
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дөнгөж саяхан бүх нийтийн дайчилгаа хийх зарлигт гарын үсэг зурлаа.
Зэвсэг авч явах чадвартай бүх украинчуудыг эх орноо хамгаалахыг уриалав.
Мөн 90 хоногийн хугацаанд хүчинтэй байх зарлигийн дагуу тус улсын хугацаат цэргийн алба хаагчид болон бэлтгэл офицеруудыг цэргийн албанд татахаар болжээ.
08:01 цаг ВВС: Украины эрчүүдийг эх орноосоо гарахыг хориглов
Украины 18-60 насны бүх эрчүүдийг эх орноосоо гарахыг хориглолоо гэж Украин улсын хил хамгаалах алба (DPSA) мэдэгдэв.
Энэ арга хэмжээ нь "Украины батлан хамгаалах, дайчилгааг цаг тухайд нь зохион байгуулахад чиглэгдсэн" гэж нэмж хэлэв.
Түр хориг нь пүрэв гарагийн өглөө зарласан цэргийн байдлын хугацаанд хүчинтэй байх ажээ.
/2022.02.25/ 07:30 цаг ВВС: Киевийн иргэд метроны хонгилд цугларч байна
Украинд шөнө дунд дөхөж байхад дайны хөлөөс зугтсан Киевийн тоо томшгүй олон иргэд метроны буудлуудад унтаж байна.
Тэд гэрийн тэжээвэр амьтад, уртасгагч утас, утасны цэнэглэгч, тэр ч байтугай хийлдэг гудсаа хүртэл авчирсан байна.
Энэ газар "хөл хөдөлгөөн бага, ихэнх хүмүүс утсаа гүйлгэж, сүүлийн үеийн мэдээг авахыг хичээж байна" гэж цугларсан олны нэг болох Оксана хэлэв.
"Бид энд хоноход асуудалгүй бололтой" гэж тэр Facebook хуудсандаа бичжээ.
Мөн Киевийн ойролцоох ширүүн тулаан, Чернобылийн цахилгаан станцыг булаан авсан тухай мэдээ, Киевт халдлага үйлдэж магадгүй гэсэн таамаглалыг харгалзан үзвэл энд хоргодох нь зөв шийдвэр юм шиг бололтой.