/2022.02.17/: Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан нар Олон улсын эрх зүйн сан/ILF/-ийн төлөөлөгчидтэй өнөөдөр цахим уулзалт хийлээ.
Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг тус яамнаас боловсруулж байгаатай холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх олон улсын туршлага, өмгөөллийн үйлчилгээний стандарттай танилцах зорилгоор тус уулзалтыг зохион байгууллаа.
Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн уялдааг сайжруулах замаар хүний эрх, эрх чөлөөг хангах, иргэдийн эрх ашгийг хамгаалах нь зүйтэй байгааг салбарын Сайд онцлон хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Олон улсын эрх зүйн сан /ILF/-ийн төлөөлөгчдөөс Олон улсад улсын өмгөөлөгчийн цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг зохицуулсан талаар асуулт асууж, олон улсын туршлагын талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Олон улсын эрх зүйн сан /ILF/-тай, улсын өмгөөлөгчийн чадавхийг дээшлүүлэх, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг дагаж гарах дүрэм, журмын төслийг боловсруулах чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Олон улсын эрх зүйн сан /ILF/-ийн хөтөлбөр хариуцсан захирал Холли Хобарт, Олон улсын бодлого хариуцсан захирал Бен Полк, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Алексус Макнеллитай нар оролцсон бол Монголын талаас тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг, тус төвийн захирлын зөвлөлийн гишүүн ахлах улсын өмгөөлөгч Б.Баттулга, гадаад харилцааны мэргэжилтэн, орчуулагч Б.Халиунаа нар оролцов.
Эх сурвалж: ХЗДХЯ