/2022.02.11/: Apple компани энэ оны гуравдугаар сарын 8-ны үед хямд үнэтэй шинэ iPhone болон шинэчилсэн
iPad танилцуулахаар зэхэж байгаа гэж компанийн дотоод эх сурвалжаас мэдээлжээ.
Шинэ iPad-ийн хувьд гэвэл одоогийн iPad Air загварыг 5G сүлжээнд ажиллах илүү хүчирхэг процессороор нэмж баяжуулсан байх юм. Мөн Apple-ийн өөрийн хөгжүүлсэн чипээр тоноглосон шинэ Mac компьютерууд ч гуравдугаар сард багтаж танилцуулагдах байх гэсэн таамаглал үүсээд байгаа.
Шинэ шинэ төхөөрөмжүүдийг хэрэглэгчдэд танилцуулахаас гадна үйлдлийн системийн iOS 15.4 хувилбар ч гуравдугаар сарын эхний хагаст багтаж, нийтийн хүртээл болох байх гэж эх сурвалж мэдээлжээ.
Программ хангамжийн энэхүү шинэчлэлийг хэрэглэгчид татан авч суулгаснаар тэдний iPhone болон iPad төхөөрөмжүүдийн царай таних Face ID систем эзнийгээ амны хаалттай байх үед ч таньж нэвтрүүлэх боломжтой болох юм. Мөн уг шинэчлэлийн хүрээнд шинэ эможинууд нэмэгдэж, хэд хэдэн iPad, Maс компьютеруудын дунд нэг товчлуурт гар болон хулгана мэдрэгч тавцан ашиглах боломжтой Universal Control шинэ функц хэрэглэгчдийн төхөөрөмжид суух ажээ.
Гуравдугаар сарын шинэ төхөөрөмжийн танилцуулгын араас зургаадугаар сард Apple компани Worldwide Developers Conference хөгжүүлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, энэ үеэрээ iPhone, iPad, Mac болон Apple Watch-д зориулж гаргах программ хангамжийн шинэчлэлээ танилцуулах өндөр магадлалтай байна. Үүний дараа мэдээж уламжлал ёсоор энэ оны намар iPhone 14 болон шинэ Mac компьютерууд танилцуулагдах нь дамжиггүй.
Одоогийн байдлаар 2022 оны туршид тус компани шинэ iMac, Mac Pro суурин компьютерууд,
шинэчилсэн загвар бүхий MacBook Air, хямд үнэтэй MacBook Pro, гурван төрлийн Apple Watch,
iPhone 14-ийн шинэ хувилбарууд болон шинэ AirPod шинээр зах зээлд нийлүүлэх төлөвтэй
байгаа талаар технологи сонирхогчид хэлэлцэж байна. Мөн энэ жилдээ багтаан iPhone утсанд
кредит картнаас төлбөр тооцоо хүлээн авах боломжийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Apple компани өндөр түвшиний mixed reality буюу хосолмол бодит байдлын нүдний шил
хөгжүүлж байгаа ч 2023 онд л хэрэглэгчдийн хүртээл болох шинжтэй.
Уг нь компаний зүгээс энэ төхөөрөмжийг 2022 оны сүүлч гэхэд зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч хамгийн сүүлийн үеийн байдлаар нээлтийн хугацаа хойшилж байгаа талаар Блүүмбэрг өмнө нь мэдээлж
байсан билээ.
Эх сурвалж: Bloomberg