/2022.02.11/ Замын-Үүдийн автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар албаныхан мэдээлэл өглөө. Энэхүү мэдээлийг долоо хоног бүрийн баасан гарагт 11 цагаас өгөх юм. УБТЗ-ын Олон Улсын Тээвэр Зуучлалын Төвийн Захирал Д. Амарбаясгалан:
- Хятадын төмөр зам манай замын хэмжээнд саатаад байсан зэс, нүүрс, төмрийн хүдэртэй вагоныг хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Хятадын төмөр замд 741 вагон "Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийг хүлээлгэн өгсөн байна. Эрдэнэт үйлдвэр нь энгийн үед 28 вагон зэс ачдаг байсан бол одоо 50 вагон зэс гаргаж байна.
Нүүрсний хувьд уржигдраас эхлээд Хятадын төмөр зам хоногт нэг галт тэрэг /50 вагон/ хүлээн авч байгаа. Нийт 100 вагон нүүрс хүлээн авсан гэсэн үг.
Барилгын материалын тухайд:
- Дулааны улирал эхэлж байгаа учраас барилгын материал, арматур, ган хийц, төмөр гээд олон төрлийн ачааг татах шаардлагатай байгаа. Энэ төрлийн ачааг Эрээн өртөөнөөс өргөн царигаар ачих санал тавьсан. Тус өртөөнд ариутгалын төхөөрөмж суурилуулсан. Энэ төхөөрөмж нь хараахан ашиглалтад ороогүй.
Хятадаас илгээж байгаа илгээгчид Хятадын төмөр замд хүсэлт гаргаж, захиалга өгөөд ачаагаа нарийн царигийн төмөр замаар тээвэрлүүлэх бүрэн боломжтой.