/2022.02.11/: Ливийн Ерөнхий сайд Абдул Хамид Дбейба пүрэв гарагийн үүрээр түүний машин руу буудаж амь насанд нь халдах оролдлого хийсэн ч тэрээр амьд үлдсэн хэмээн орон нутгийн болон олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Энэхүү хэрэг явдал тус улсын зүүн хэсгийн парламент болон Дбейбагийн Үндэсний эв нэгдлийн засгийн газар (GNU) хооронд тус улсын хяналтыг тогтоохын төлөөх ширүүн маргааны үеэр болсон байна. Энэ хэрэг Дбейбаг гэртээ харих замдаа болсон гэж мэдээлсэн бөгөөд түүнийг алах оролдлого гэж тодорхойлсон тухай Reuters агентлаг мэдээлэв.
Халдлага үйлдсэн этгээдүүд зугтсан бөгөөд хэргийг мөрдөн шалгахаар шилжүүлсэн байна. Дбейбагийн амийг хөнөөх гэсэн оролдлого батлагдах үед Ливийн улс төрийн хямралыг улам хурцатгаж болзошгүй юм. Ерөнхий сайд түүнийг солихын тулд зүүн бүсийн парламентаас пүрэв гаригт товлосон санал хураалтыг үл тоомсорлох болно гэж мэдэгдэв.
Зэвсэгт хүчнийхэн сүүлийн хэдэн долоо хоногт нийслэл Триполи хотод илүү олон дайчид, техник хэрэгслийг дайчлан ажиллуулж байгаа нь улс төрийн зөрчил тэмцэлд хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг улам бүр нэмэгдүүлж байна. 2011 онд НАТО-гийн дэмжлэгтэйгээр удирдагч асан Моаммар Каддафийн эсрэг бослого гарснаас хойш Ливид тогтворгүй байдал нүүрлээд байна. Тус улс одоо зүүн болон баруун гэсэн хоёр бүлэглэлд хуваагдан хоорондоо дайтаж байна.
НҮБ-ын зуучлалтай өрнөдийн дэмжлэгтэй улс төрийн үйл явцын хүрээнд Мисрата хотын хүчирхэг бизнесмэн Дбейба өнгөрсөн оны хоёрдугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон. Түүний эв нэгдэлийн засгийн газрын гол үүрэг бол улс орныг үндэсний эвлэрэлд чиглүүлэх, сонгуулийг хянах явдал байв. Арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөж байсан сонгуулийг цуцалсан бөгөөд зүүн бүсийн парламент сонгууль энэ жил ч болохгүй гэж мэдэгджээ. Сонгуульд оролцохгүй гэсэн амлалтаа зөрчиж, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласнаас хойш Дбейба туйлширч эхэлсэн байна.
Эх сурвалж: DW