/2022.02.08/ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгаа болон хоцрогдол арилгах төлөвлөгөөг танилцууллаа. Танилцуулгын дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Сайд Л.Энх-Амгалан:
- Боловсролын салбарт танхимын болон цахим сургалтыг хослуулан үргэлжлүүлнэ. medle.mn сайтыг виртуал сургуулийн байдлаар ажиллуулна. Тухайн сайтад Монголдоо шилдэг гэгдэх багш нарын хичээлийг 100 мянгаас эхлээд 1 сая төгрөгөөр худалдан авч, тухайн сайт дээр байрлуулна. Ингэснээр сурагчид ойлгохгүй байгаа хичээлээ ойлгох юм. Өнгөрсөн жил 3 орчим тэрбум төгрөгийн зардал гаргаж, сургуулиудын интернетийн хурдыг гурав дахин нэмсэн.
183 мянга орчим хүүхэд тоггүй, интернетгүй, гар утас, компьютергүй байна. 2022 онд интернетгүй байгаа сургууль, цэцэрлэгт холболт хийнэ гэж бодож байна.
Харилцаа холбооны байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд гар утас, компьютерийг өгөх хандивын аян өрнөж байгаа. Багш нарын компьютерийн асуудлын хувьд, сургуулиуд дээр компьютерийн лабораторийг шинэчилнэ. Бүх багш нарт шинэ компьютер авч өгөхөд 140-160 тэрбум төгрөг шаардлагатай.
Цахим шилжилтэд энэ жил 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Багш нарын халааснаас гардаг байсан дата, бичгийн цаас зэрэг зүйлсийн төлбөрийг сурагчийн хувьсах зардалд шингээж өгөх юм.
Боловсролын яам "Боловсрол-2" телевизийн сувагтай байх хэрэгтэй гэж үзэж байна. Цаашид энэ сувгийг нээхээр төлөвлөж байгаа юм.
ЭЕШ-ын тухайд:
- Улсын шалгалтыг авах хэрэгтэй гэж харж байна. Монгол хэлний шалгалтыг мөн адил. Ирэх долоо хоногт ЭЕШ-ын бүртгэл эхэлнэ.