/2022.01.28/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэнэ.
Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг шийдэхийн тулд 2022 оны улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл тодорхойгүй зарим төслүүдийг царцаах зэргээр шаардагдах эх үүсвэрүүдийг бүрдүүлэхээр боллоо. Ингэснээр 2022 оны нийт төсвийн зардал нэмэгдэхгүй, орлого буурахгүй.
Цар тахлын хүнд үед МУ-ын Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянга болгон нэмэгдүүлж, цахилгаан, дулаан, хог усны төлбөрийг төрөөс хариуцахад 4,4 их наяд төгрөг зарцуулж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд 1992 оноос хойш анх удаа -5,3 хувь хүртэл агшсан эдийн засгийг өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3,6 хувийн өсөлттэй гарч чадлаа.
Тэтгэврийг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байх болно. Дөнгөж идэвхжиж байгаа эдийн засаг хэвэндээ ороход цаг хугацаа шаардлагатай. Цар тахлаас үүдэн хилийн боомтууд нээгдээгүй байна. Гэхдээ цар тахлыг хохирол багатай даван туулж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах нь Засгийн газрын үүрэг юм.
2022 оын хоёрдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянган төгрөгөөс дээш хэмжээтэй тэтгэвэр авдаг ахмад настнуудын тэтгэврийг 15 хувь нэмэгдүүлхээр боллоо.
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь ЗГ-д хүндхэн сорилт гэдгийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэхүү шийдвэрийг иргэд хүндэтгэн хүлээн авна хэмээн итгэж байна гэлээ.