/2021.08.02/ Улсын хэмжээнд он гарсаар үерийн усанд автсан 236 тохиолдол бүртгэгдэж, 6 иргэн нас барсан байна. Үүнээс том хүн 4, хүүхэд 2 байжээ.
Мөн үерийн усанд 45 байшин, 235 гэр, 75 автомашин усанд автжээ. Харин бог мал 848 хорогдсон аж.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нурууны өврийн Богд, Яруу, Шарга, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун, Алтай нурууны Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэсэн байна. Түүнчлэн Сэлэнгэ, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг зэрэг гол үерийн түвшинг 5-55 см давжээ.
Харин Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-60 см даван хүчтэй үерлэж байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Эх сурвалж: ОБЕГ