П.Очирбатад “Уурхайчдын алдрын од” одон гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Очирбатад “Уурхайчдын алдрын од” одон гардууллаа

/2022.01.21/: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 80 насны ойд зориулсан “Шинжлэх ухаан, сургалт, судалгаа, замнал” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монголын уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлсэн олон эрдэмтэд цуглаж, олон сонирхолтой илтгэл тавьсан юм. Тухайлбал, профессор Л.Пүрэв “П.Очирбатын эрдэм шинжилгээ сургалт судалгааны 22 жил”, профессор Я.Гомбосүрэн “П.Очирбатын хөдөлмөрийн гараа, монгол инженерийн саруул ухаан”, доктор, профессор Б.Пүрэвтогтох “Тогтвортой хөгжил бол эх дэлхий, хүн төрөлхтөний асуудал”, профессор Х.Жаргалсайхан “Академич П.Очирбат Монгол Улсын эрдэс баялаг, эрчим хүчний хөгжлийн стратеги биднийг сурган хүмүүжүүлэгч”, профессор Д.Дондов “Нэгэн жарны андын нөхөрлөл” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

100 жилийн ойгоо тэмдэглэж буй салбарын 55 жилд нь үлгэр жишээ болон ажилласанд баярлалаа

Мөн энэ үеэр уулын инженер, академич П.Очирбатад “Уухайчдын алдрын од” одонг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гардууллаа.

Сайд Г.Ёндон одон гардуулах үедээ “Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар бол яах аргагүй уул уурхай. Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжөөд 100 жил болсон байна. Салбар яамны зүгээс 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ 100 жилийн талаас илүү жилд нь энэ салбарт ажиллаж, өөрийн хөдөлмөрийг улсын хөгжлийн төлөө зориулсан хүн бол техникийн ухааны доктор, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, ШУА-ын гишүүн, академич П.Очирбат. Танд 80 насны ойн баярын мэнд хүргэж, урт удаан насалж, удаан жаргахыг УУХҮ-ийн салбарын өмнөөс ерөөе. Энэ хүний урт намтрын хамгийн эхэнд, академичийн урд уулын инженер гэдэг үг орсон байна. П.Очирбат уулын инженер маань Ленинградад энэ мэргэжлийг эзэмшсэн. Монголд уулын инженер гэдэг энэ эрхэм мэргэжлийг олгодог газар нь ШУТИС гэх эрдмийн өргөө. 1993 онд ШУТИС уулын инженер бэлтгэж эхлэх үед багшаар ажиллаж байсан. 1991 онд сургуулиа төгсөөд ирэх үед энэ сургуульд уул уурхайн салбарын хамаг томчууд цугласан байсан. Тэр олон мундаг эрдэмтэд маань өөрийн туршлага, эрдэм мэдлэгээ бусдад түгээгээд явж байгаад туйлын баяртай байна. 100 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ салбарын 55 жилд нь үлгэр жишээ болон ажилласан П.Очирбат танд баярлаж, бахархаж байна. Жирийн инженерээс эхлээд салбарын сайд, Ерөнхийлөгч хүртэл ажилласан танаар бахархахгүй байхын аргагүй. Энд нэг зүйлийг онцлон хэлье, “Алт” хөтөлбөрийг П.Очирбат эхлүүлсэн. “Алт” хөтөлбөрийн хүчээр эдийн засгийн хүнд үеийг бид туулсан байдаг. Цар тахалтай энэ хүнд үед ч “Алт хөтөлбөр” эдийн засгийг аварч байна. Танд эрүүл энхийг хүсье” гэлээ.

Саяхан л залуу инженер, залуу сайд гэгдэж явлаа

Уулын инженер, академич П.Очирбат “Цар тахалтай, эрсдэлтэй энэ үед сайхан сэтгэл, зориг гаргаад хүрэлцэн ирсэн хүмүүстээ, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан хүмүүстээ баярлалаа. Цаг гаргаад ирсэн Г.Ёндондоо баярлалаа. Та бүхэн маш олон сайхан зүйл ярилаа. Эдгээр жилүүдэд их мундаг ажилласан юм шиг сонсогдлоо. Гэхдээ энэ бүхнийг бүгдийг нь хамтын хүчээр, хамтарч хийсэн юм шүү. Хамтын хөдөлмөрийг нэг нөхөр рүү чиглүүлээд ярьчихлаа. Тиймээс энэ бүхнийг бид бүхэн хамтдаа хийсэн юм шүү. Саяхан л залуу инженер, залуу сайд гээд тодотгогдоод байсан бол одоо 80 настан, өвөө гэгддэг болжээ. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль намайг эгнээндээ аваад, сүүлийн 20 гаруй жил хамтран ажилласан байна. Энэ хугацаанд олон докторуудыг бэлтгэлээ. Манай багийнхан бүгд мундаг, хамтдаа цаашид олон зүйлийг хийж бүтээнэ. Удахгүй бид тав дахь доктороо хүлээж авна. Бүгдэд нь маш их баярлалаа” гэсэн юм.

Г.Занданшатар: Хийн хоолойн төслийн ТЭЗҮ дууссан тул дараагийн ажлыг шуурхайлах нь чухал
Г.Занданшатар: Хийн хоолойн төслийн ТЭЗҮ дууссан тул дараагийн ажлыг шуурхайлах нь чухал
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.