/2022.01.11/ 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг олгох журам шинэчлэгдэж байна. Энэ шинэчлэлтийн талаар Нийгэм хамгаалал, Хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа дараах тайлбарыг хийлээ. Тэрээр:
"Эхний хагас жил энэхүү 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм.
Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.
Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан.
Өнөөгийн цахим систем ашиглаж бид хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлдлээ. Үүнд:
- www.ehalamj.mn цахим хуудас
- Ebarimt гар утасны аппликейшн
- Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
- Банкны теллер (энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ)
Удахгүй И-Монгол мэдээллийн системд хөгжүүлэлт мөн хийгдэнэ.
Одоогийн байдлаар 65 мянган хүүхэд хүсэлт, сонголтоо илэрхийлээд байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ибаримт аппликейшны шинэчлэлт (update) хийгээд зааврын дагуу сонголтоо илэрхийлнэ үү.
Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдох бөгөөд өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдох болсон шүү" гэв.