/2022.01.10/: Бямба гарагт Чинхай мужид болсон газар хөдлөлтийн улмаас Хятадын цагаан хэрмийн хоёр метр орчим урттай хэсэг цуурсан тухай Global Times мэдээллээ.
“Газар хөдлөлтийн голомтоос 114 километрийн зайд орших баруун хойд нутгийн Ганьсу мужийн Шандан хошуунд Хятадын цагаан хэрэм хоёр метр цуурсан” гэж тус хэвлэлд бичжээ.
Газар хөдлөлтийн дараа эрх баригчид соёлын дурсгалт газруудыг шалгаж, ханан дээр гарсан цууралтыг олсон бөгөөд энэ дурсгал нь Мин улсын үед (1368-1644) хамааралтай болохыг тэмдэглэжээ. Мэргэжилтнүүд шаардлагатай тулгууруудыг дахин сэргээн суурилуулж, засвар, сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн байна.
Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн (EMSC) мэдээлснээр газар хөдлөлт 6.3 баллын хүчтэй байжээ. Харин орон нутгийн шинжээчид газар хөдлөлт 6.9 магнитуд байсан гэж сонин тэмдэглэв.
Газар хөдлөлт хүн ам цөөтэй газар болсон ч зарим томоохон хотын оршин суугчдад чичиргээ мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас есөн хүн бэртэж гэмтсэний найм нь эмнэлгээс гарчээ.
Тус аймгийн хэмжээнд нийт 5831 хүн газар хөдлөлтөд өртөж, гэр оронгүй болсон 16 өрхийн 65 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Нийт 217 байшинд ноцтой хохирол учирчээ. Мөн орон нутгийн зам, гүүр, ус дамжуулах шугам хоолойн зарим хэсэг их бага хэмжээгээр эвдэрсэн байна.
Газар хөдлөлтийн дараа аврах ажиллагаанд 5000 гаруй хүн, 1100 гаруй автомашин оролцож байна.
Эх сурвалж: Риа