Төрийн аудитын байгууллага “Нээлттэй аудит“ портал сайтыг танилцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн аудитын байгууллага “Нээлттэй аудит“ портал сайтыг танилцууллаа

/2021.12.28/ Үндэсний аудитын газраас "Нээлттэй аудит" мэдээллийн портал сайтын үйл ажиллагааг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Иргэд "Нээлттэй аудит" портал сайтаас Төрийн аудитын байгууллагын аудитын тайланг дэлгэрэнгүй, хураангуй, визуал зэрэг олон төрлийн хувилбараар хүлээн авах болон холбогдох бусад мэдээлэлтэй цаг алдалгүй танилцах боломж бүрджээ.

Аудитын үйл ажиллагаанд иргэдийн мэдээллийг ашиглах, харилцагч талуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор Европын холбооны Итгэлцлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй "Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх нь" төслийн шугамаар тус сайтын үйл ажиллагааг эхлүүлжээ.

Үндэсний аудитын газрын гуравдугаар газрын захирал Д.Энхболд:

- Нээлттэй аудит сайт маань иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилчдад илүү зориулагдсан гэж үзэж байна. Аудитын үр дүнг зөвхөн УИХ-д хүргүүлж шийдвэр гаргуулах тал дээр ажилладаг байсан. Мөн audit.mn сайт дээр байршуулж аудитын үр дүнг хүргэдэг байсан. аудитын үе шат бүхэнд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдыг оролцох боломжийг хангаж байна. Нэгэнт эхлэсэн аудитын явцын мэдээллийг нэмж өгөх боломжтой. Тухайлбал: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа сургууль цэцэрлэгт ямар асуудал байгааг мэдээлэх боломжтой. Аудитын газраас гарсан үр дүн дээр УИХ болон төрийн байгууллага хамтарч зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах тал дээр ажиллах болмжтой нь энэ сайтын онцлог юм.

Хоёр жилийн хугацаанд портал сайтаа төлөвлөж, бий болгосон.

Иргэдийн хувьд аудит хийлгэх сэдвийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлаа оруулах боломжтой.

Үндэсний аудитын газрын мэдээлэл технологийн төвийн захирал н.Энхтуяа:

- Энэхүү сайт нь SSL аюулгүй байдлын сертификат авсан. Энгийнээр хэлбэл зарим нэг сайт руу ороход өмнө нь ‘Not secured’ буюу хамгаалалтгүй гэх тэмдэглэгээ гардаг. Харин манай сайт нь жил бүр сертификат, аюулгүй байдлын түвшнээ аваад явдаг тул ‘Secured’ буюу хамгаалагдсан гэх тэмдэглэгээ гарна гэсэн үг. Сайтын системийг мэдээллийн технологийн стандартын дагуу хийсэн. Өмнө нь Төрийн аудитын газрын үйл ажиллагааны веб сайт байсан бол одоо зөвхөн төрийн аудитын тайланг иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэн санал хүсэлтийг нь авах боломжтой болсон гэсэн үг.

Төрийн байгууллагын веб сайт нь хэтэрхий “төрийн шинж”-ийг агуулсан байдаг бол энэ сайт нь иргэдэд аль болох ойлгомжтой байлгах талаас хөгжүүлсэн. Олон орны сайтыг судалж байж үүссэн юм.

Манайх мэдээлэл технологийн төв. Бид Монгол Улсад мөрдөж байгаа олон улсын мэдээлэл технологийн аюулгүй байдлын бодлогын баримт бичиг боловсруулаад байна. Сайт маань болон төрийн аудитын байгууллагын бүх мэдээлэл Үндэсний дата төвд байрладаг. Улмаар дэд бүтцээ хамгаалалтаа авч төрийн нэгдсэн сүлжээнд холбогдож байна.

“Мэргэжлийн социологичдын холбоо” ТББ-ын тэргүүн Н.Батзориг:

- Өмнө нь аудитын үйл ажиллагаанд иргэдийг харьцангуй бага оролцуулж, иргэний нийгмийн байгууллагын саналыг тусгадаггүй туршлагууд байсан. Энэ сайт болоод манай байгууллагын хийж өгсөн аудитын үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын саналыг тусгах, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал өгөхөд иргэдийн санал маш чухал байдаг. Бид Үндэсний аюулгүй байдлын аудит дээр 1600 орчим иргэн, 10 гаруй иргэний нийгмийн байгууллага, төрийн оролцогчдын талуудын саналыг тусгаж өгсөн байгууллага юм. Ингэснээр тухайн аудитын үйл ажиллагаанд иргэд оролцох боломжийг нээж байна гэж харж байна.

Аудитын үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцох гэхээс илүү оролцох ёстойгоо мэддэггүй. Цаашид иргэд санал хүсэтлээ нээлттэй илэрхийлэх байх гэсэн хүлээлттэй байна.

Дэлхийн банкны Монгол Улс дахь салбарын ахлах мэргэжилтэн Д.Бадамчимэг:

- Төсөв санхүүгийн чиглэлээр ил тод байдлыг дэмжиж байгаа асуудлыг олон улсад хэмждэг нээлттэй төсвийн индексийг олон улсын нээлттэй төсвийн түншлэлээс гаргадаг. Энэ нь хоёр жилд нэг удаа гаргадаг үзүүлэлт юм.

  1. 2017 онд 100-аас 46 оноо
  2. 2019 онд 100-аас 56 оноо авсан байна. Дараагийн үнэлгээ энэ онд хийгдэнэ.

Үр дүнд нь сүүлийн үед Засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэдийн төсвийн товхимолыг гаргах, тодорхой хөрөнгө оруулалтын мэдээллийг ил гаргах, нээлттэй аудитын сайт зэрэг санал санаачилга нь биелэлээ олж нээлттэй төсвийн индекс маань дээшилнэ гэсэн хүлээлттэй байна. Өнөөдөр олон нийтэд танилцуулсан нээлттэй аудит сайт маань эцсийн дүндээ иргэдэд зориулж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Иргэд маань саналаа илэрхийлэх, аудит хийж дууссан тайланг олж харах, зөвлөмж мэдээг унших. Магадгүй тухайн зөвлөмжийн мөрөөр иргэний нийгмийн байгууллага тухайн зөвлөмж авсан байгууллагад хяналт тавих зэрэг оролцоог хангахуйц боломжийг бүрдүүлсэн мэдээллийг ил болгож байна.

Цаашид иргэн, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынхан сайт дээрх мэдээллийг аль болох ашиглаж, шаардлагатай эргэх холбоо саналыг өгч ажиллавал бидний хүлээсэн үр дүн, хөгжлийн зорилт хангагдана гэж Дэлхийн банкны зүгээс харж байна.

Энэхүү портал сайтын үйл ажиллагааг эхлүүлснээр төрийн хяналтын чиг үүргийг хараат бусаар хэрэгжүүлэх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх цаашлаад “САЙН ЗАСАГЛАЛ”-ыг бэхжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулах чухам алхам болж байна.

Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн “онцгой үйлстэн”-үүдийг нэхэн шагналаа
Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн “онцгой үйлстэн”-үүдийг нэхэн шагналаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.