“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” төслийг өнөөдөр хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” төслийг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн олборлолт 2051 онд дуусна

/2021.12.24/: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүний нэг нь “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл байсан юм. Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тогтоолыг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага хүссэн юм. Тус төсөл нь нэн яаралтай горимоор хэлэлцэх асуудал тул УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн юм.

АН-ын бүлгийн гишүүдийн хувьд “долоо хэмжиж нэг огтлохуйц том асуудал тул яаралтай горимоор хэлэлцэж болохгүй, чамбай гэрээ хийж, ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй” гэж үзэж байгаа ажээ.

Өргөн баригдсан УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.

Үүнд:

-Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх;

-2015 оны тавдугаар сарын 18-ны өдрийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;

-Оюутолгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100% хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

-Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

-Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.

Энэхүү тогтоолын төсөл Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэн батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюутолгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолд нийцүүлж, Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм.

ЭМЧ: Толгой эргэлтийн тухай
ЭМЧ: Толгой эргэлтийн тухай
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.