/2021.12.22/ Ардчилсан намаас С.Зоригийн хөшөөний өмнө нээлттэй микрофоныг ажиллуулж мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэ: 2021 онд хүний эрхийн ноцтой олон зөрчил гарсан жил болж өнгөрлөө. Хүн үгээ хэлж үзэл болдоо илэрхийлдэг. Жагсаал цуглаан болохоор янз бүрийн байдлаар дарангуйлдаг үзэгдэл Монголын төрд хэвийн үзэгдэл болох тийшээ явж байна. Нөхцөл байдлыг бодитоор мэдээлдэг хэвлэл мэдээллийн байгууллага таг дуугай байна. Төвийн хэвлэлүүд нь өдөр бүр эрх баригчдын магтан дуулж, эсвэл өдөр тутмын аахар шаахар асуудлыг нийтэлсэн дүр зурагтай байна.
Коммунизмын дарлалын дараа, ардчиллын 30 жилд, ялангуяа сүүлийн хоёр жилд цар тахлыг далимдуулсан төрийн дарангуйлал бий болжээ. Ковидизмын дарлал гэх шинэ нэр томъёо гарч ирсэн. Гамшгийн хууль, бусад хууль зохицуулалтаар иргэдийг үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бизнес эрхлэх, зорчих гээд олон эрхийг хааж боогдуулсан. Иргэд маань үгээ хэлэх цаг болсон гэж харж байна. АН-ын хувьд "дабль стандарт"-ын бодлогыг зөв болгохын төлөө тэмцэх болно.
Бат-Үүлтэй холбоотой асуудал яригдаж байгаа ч Монголын нийгмийн эрх чөлөөт тусгаар тогтносон байдлыг хамгаалах үйл хэргийн эхлэл юм. Манай иргэд бодит байдлыг хараахан мэдрээгүй байна. Хүний эрх, эрх чөлөөг хассан цагт хүн эрх чөлөөнийхөө үнэ цэнийг мэдэрдэг. Энэ нөхцөл байдал нэг л өдөр таны гар хөлийг хүлнэ, боомилно, ямар ч эрх мэдэлгүй болгосон байна. Тэр цаг мөчийг хүлээлгүйгээр хувь хүнийхээ эрхийн төлөө тэмцэх тэмцэлд иргэдийг уриалж байна.
Хууль МАН, АН, энгийн гишүүдэд өөр үйлчилж байна. Асуудлыг тасралтгүй өдөр бүр ярих болно.