ШУУРХАЙ: Оюутолгойгоос хүртэх үр ашгийг хангуулах тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн барьжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Оюутолгойгоос хүртэх үр ашгийг хангуулах тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн барьжээ

/2021.12.22/ Оюутолгойгоос хүртэх үр ашгийг хангуулах тогтоолын төслийг өргөн барьжээ. УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлжээ. Өнөөдөр Түр хороо хуралдаж дүгнэлтээ гаргасан тохиолдолд ОТ-с хүртэх үр ашгийг тодорхойлох тогтоолын төслийг дэмжвэл, маргааш чуулганаар хэлэлцэнэ.

Энэ талаар Сайд Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.

Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан юм.

Ажлын хэсэг гадаадын хөрөнгө оруулагчтай үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Ажлын хэсгийн саналыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Өргөн баригдсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.

Үүнд:

  1. Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;
  2. 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
  3. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
  4. Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
  5. Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
  6. Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.

Энэхүү тогтоолын төсөл Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэн батлагдснаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолд нийцүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм.

Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвших 25 хүний нэрс
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.