/2021.12.01/ "Улаанбаатар хот, хөгжлийн чиг хандлага" төслийг танилцуулах уулзалт болж өнгөрлөө.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
"Гурван эгнээ 71,5км хурдны замын ТЭЗҮ тооцоолол хийгдэж байна. Манай Улаанбаатар хот аюул осол гарахад хамгийн өндөр эрсдэлтэй бүс. Учир нь сүүлийн өдрүүдэд газар хөдлөлт мэдрэгдэх хэд хэдэн тохиолдол илэрч байна. Цаашдаа аюулгүй гарцыг хотдоо бий болгох нь төвлөрлийг бууруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгоно.
Хурдны галт тэрэг, таксины үйлчилгээ, цахилгаан дугуй, явган зам, автобусны парк шинэчлэл гээд сайжруулах шаардлагатай маш олон зүйл байна. Хотын иргэд гудмаар явах боломжтой ногоон байгууламж бий болгоно.
Гэр хорооллын дундуур хурдны зам барих зайлшгүй шаардлагатай. Баянхошуу, Толгойт, Улиастай, Хайлааст зэрэг дэд төвийг хурдны замаар холбож ажлын байр бий болгож байж түгжрэлийн асуудал шийдэгдэнэ.
УИХ дээр ч ярих асуудал байна. Ховд аймаг 35 мянган хүн амтай. Жил бүр энэ хэмжээний хүн ам нийслэлд шилжиж ирдэг.
Нийслэлийн иргэд 1 сая 597 мянга болтлоо өргөжиж байна. Энэ иргэдэд хуваарилагдах төсвийг хэлэлцэж байхад ахин 35 мянган хүн нэмэгдээд ирэхээр, нийслэлийн харьяат иргэдийн төсвөөс хасагдана гэсэн үг. Ийм шударга бус хуваарилалт байж болохгүй. Төсөв эрүүл байх ёстой.
Хотын иргэн болох гэж байгаа бол таксаа /татвар/ төлөх нь хамгийн шударга зүйл" гэв.