Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэж байна

/2021.12.01/ “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум болж байна. Тус форумд Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 27 жил шинэчлэгдээгүй байсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан. Энэ хуулийн хүрээнд Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа.

2022 оноос эхлэн хэрэгжих энэхүү хуулиар нийслэл хотын эрх зүйн чадамж дээшлэх, нийслэл нь хуульд заасны дагуу үнэт цаас гаргах, нийслэлийн хэмжээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, Улаанбаатар хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах замаар нийслэл хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн.

УИХ-ын гишүүн бөгөөд УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан “Нийслэл хотод тулгамдаж байгаа олон асуудал байгаа. УИХ эдгээр асуудалд цэг тавихаар нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллахаар санал нэгдэж, УИХ-д анх удаа улс төрийн нам, эвсэл үл хамааран, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд эвлэлдэж, 26 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороог байгуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын төлөвлөлт, замын түгжрэл, экологийн аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой” хэмээн ярилаа.

Нийслэлийн хүн ам сүүлийн 30 жилийн хугацаанд гурав дахин өсөж, өнөөдрийн байдлаар 1.5 саяд хүрээд байгаа. Энэхүү өсөлттэй уялдан хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр Монгол Улсын хүн ам, эдийн засгийн талаас илүү хувь нь төвлөрсөн ч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өнгөрсөн хугацаанд анхаараагүй, хойш тавьсаар ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчидтай хамтарч шийдвэрлэх ажлууд Улаанбаатар хотод олон бий бөгөөд энэ ч зорилгын үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй.

Энэ үеэр Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж байгаа олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцох юм. Мөн авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хөдөлгөөнийг сайжруулах зэрэг асуудлаар мэдээлэл өгч, харилцан санал солилцоно.

Оюутнууд энэ сарын 10-ныг хүртэл хичээллээд амарна
Оюутнууд энэ сарын 10-ныг хүртэл хичээллээд амарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.