Азийн хүүхдийн наадам Владивосток хотод, спортын 19 төрлөөр зохиогдоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн хүүхдийн наадам Владивосток хотод, спортын 19 төрлөөр зохиогдоно

/2021.12.01/ Азийн хүүхдийн долдугаар наадам 2022 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-ны өдрүүдэд ОХУ-ын Владисвосток хотноо болно. Уг наадам оролцох улс орнуудын багийн ахлагч нарын семинар Владивостокт болж, наадмын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Эдгээр мэдээллээс багцлан хүргэе.

Өргөжин тэлж буй Владивосток

ОУОХ, ЮНЕСКО-гийн ивээл дор зохиогддог Азийн хүүхдийн спортын наадам 1996 онд орчин үеийн олимпын наадмын 100 жилийн ойд зориулан анхлан явагдаж байв. Эхний наадмууд Сахагийн Якутск хотод зохиогддог байсан бол энэ удаагийнх буурь сэлгэн Владивостокт шилжээд байна.

Приморийн хязгаарт орших Владивосток нь 600 мянган хүн амтай, Оросын Ази болон Номхон далайд нэвтрэх гарц болсон стратегийн чухал байрлалтай хот юм. Өдгөө Владивосток нь Приморийн хязгаар ба Оросын Алс Дорнодын холбооны мужийн засаг захиргаа, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эдийн засгийн төв болжээ. Тус хот зөвхөн спортын арга хэмжээнээс гадна Ази, Номхон далайн улс орны төрийн өндөрлөгүүд оролцдог томоохон арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.

Цаг агаарын хувьд Оросын Сочи, Болгарын Варна, Францын Ницца хотуудтай нэг өргөрөгт оршдог, чийглэг дулаан уур амьсгалтай. Аялж зугаалах хамгийн тохиромжтой үе нь 7-10-р сар бөгөөд зуны улиралд агаарын дундаж хэм +18 градус байдаг.

Владивосток руу хэрхэн аялах вэ

Тус хот газар зүйн байршлаасаа шалтгаалан тээврийн тохиромжтой системтэй. Тодруулбал, Оросын Алс Дорнодын орнууд болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хоорондох агаарын замын уулзварт байрладаг. Владивостокийн нисэх онгоцны буудал 45 орчим чиглэлтэй бөгөөд жилд гурван сая гаруй зорчигч хүлээн авдаг. Хамгийн том тээврийн зангилааны нэг болох Инчоны нисэх онгоцны буудал ойрхон байгаа нь Ази тивийн аль ч өнцөг булан бүрээс ирсэн зорчигчдыг хүлээн авах боломж бүрдүүлж байна.

Тэмцээний байгууламж бүгд бэлэн

Азийн хүүхдийн наадмын тэмцээн уралдааныг Владивосток, Артём хотуудад байрлах спортын 10 байгууламжид явуулахаар төлөвлөжээ. Наадам зохион байгуулахад шаардлагатай бүх дэд бүтэц байгаа гэдгийг Приморийн хязгаарын захирагч ноён Олег Кожемяко онцолсон.

Наадам самбо бөх, кураш, хапсагай бөх, мас бөх, 3х3 сагсан бөмбөг, бокс, гимнастик, хөнгөн атлетик, байт харваа, буудлага, элсний волейбол, жүдо, таеквондо, футзал, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн үндсэн төрлүүдээс гадна зохион байгуулагчдын санал болгосон бадминтон болон бүжгийн спортын төрлөөр зохиогдох юм.

Тээвэр, байр

Азийн хүүхдийн наадамд 13-16 насны хүүхдүүд оролцох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс байр, хоол, нийтийн тээврийг бүрэн даахаа илэрхийлээд байна. Тиймээс тамирчид, албаны хүмүүс зөвхөн замын зардлаа л гаргах юм.

Наадмын тусгайлан бэлдсэн автобус тогтсон маршрутын дагуу тамирчин хүүхдүүдэд үйлчлэх бөгөөд тамирчдын тосгон болон тэмцээний байгууламжуудын хооронд аялах хугацаа 30 минутаас бага байхыг зохион байгуулагчид онцолж байна.

Тамирчдыг Владивостокоос 20 км-ын зайд, Эмарын булангийн зүүн эрэгт байрлах Бүх Оросын хүүхдийн зусланд байрлуулахаар төлөвлөжээ. Энэхүү төв нь жил бүр 11-17 насны 13 мянга гаруй хүүхдийг дөрвөн улирлын турш хүлээн авдаг бөгөөд хүүхдүүдэд нэмэлт боловсрол олгох сургалт явуулдаг байна.

Монголчууд Азийн хүүхдийн наадамд

Манай тамирчид 1996 онд буюу анхны наадмаас эхлэн оролцож байна. Анхдугаар наадамд Монголоос 44 тамирчны бүрэлдэхүүнтэй баг очиж, зургаан алт, долоон мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль авч байв. Улмаар 2000 онд 29, 2008 онд 30 медаль гэх зэргээр наадам бүрт өндөр амжилттай оролцож ирсэн билээ.

Энэ удаагийн наадамд манайхан спортын хэдэн төрөлд хэдэн тамирчинтай оролцох нь одоогоор тодорхойгүй байна. Оролцогчдын бүртгэл 2022 оны нэгдүгээр сард эхлэх юм.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн хороо

УБТЗ ХНН-ийн даргаар Х.Хэрлэн томилогдлоо
УБТЗ ХНН-ийн даргаар Х.Хэрлэн томилогдлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.