/2021.11.01/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдал, зарим шийдлийн талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр иргэдийг гуравдугаар тундаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Манай улс иргэдээ өнөөдрийн түвшинд дархлаажуулаагүй байсан бол 20-40 орчим мянган хүн нас барж болзошгүй байсан нь үнэн. Үүнийг ДЭМБ, олон улсын анагаах ухааны эрдэмтэн судлаачдаас асууж болно. Тиймээс вакцинд огт эргэлзэж болохгүй. Өнөөдрийг хүртэл иргэдээ вакцинжуулж чадахгүй маш олон улс байна.
Вакцин хийлгэсэн гээд халдвар авахгүй гэсэн үг биш. Харин таны амь насыг хамгаалж, халдварыг хүндрүүлэхгүй байхад туслана. Тиймээс иргэд маань гуравдугаар тунгаа хийлгэх нь маш чухал байна. Иргэдээ вакцинд хамрагдаач гэж гуйж байгаа манайх шиг улс маш цөөхөн. Өнөөдөр урлаг, соёлын арга хэмжээнд оролцох иргэдийг бүүстэр тунд хамрагдахыг шаардаж байгаа нь иргэдийнхээ амь насыг л аврах гэсэн Засгийн газрын аргаа барсан шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй.
Зарим хүмүүс Засгийн газраас ковидгүй зун чинь хаана байна гэж шүүмжилж байна. Бид ковидгүй зуныг байлгаж чадаагүй ч вакцинтай, хөл хориогүй зуныг байлгаж чадсан. Манайх вакцины хангалттай нөөцөө бүрдүүлчихсэн байна. Тиймээс иргэдээ гуравдугаар тундаа идэвхитэй хамрагдаач гэж уриалж байна" гэв.