/2021.10.26/ Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал эхнээсээ иргэдийн дансанд орж эхэлжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон.
Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1,120,907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын ерөнхий газраас мэдээлсэн юм. Харин энэ оны хоёрдугаар улиралд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон.