ТӨСӨВ 2022: Эдийн засаг 5 хувиар өсөхөөр төсөөлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ 2022: Эдийн засаг 5 хувиар өсөхөөр төсөөлж байна

/2021.10.26/: УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10.17 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал даргалан явуулав.

Хуулийн төслүүдийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхий эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрлөө. Харин Монгол Улсын Засгийн газар өөрийн боломжит бүх нөөцийг дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт энэ оны эхний 6 сарын байдлаар 6.3 хувь, жилийн эцсээр 4.1 хувьд хүрэхээр хүлээгдэж байна.

Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт”-ийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэргээр экспортын хэмжээг өсгөж, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэх замаар ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх томоохон зорилтуудыг тавьсан.

Тухайлбал, уул уурхайн салбарт геологийн судалгааны ажлыг идэвхжүүлснээр Монгол Улсын эрдсийн түүхий эдийн нөөц, баялгийг өсгөх, уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангахыг зорьж байна. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн нөхцөлийг хангах, дэд бүтцийн бүтээн байгуулалтад нэн шаардлагатай барилгын материалын нөөцийн асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Ирэх онд Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах хоолой, Богдхан төмөр зам, улсын чанартай томоохон төмөр зам, авто замын төслүүдийг эхлүүлж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж дотоодын хэрэгцээг бүрэн хангах Газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр барих төслийг эрчимжүүлнэ.

Түүнчлэн, Засгийн газраас баримталж буй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийг зохистой түвшинд хадгалах бодлогын хүрээнд хөнгөлөлттэй зээл олгох, нөөцийн мах бэлтгэлийн үнийн зөрүүг олгох, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, сүү, улаанбуудайн урамшуулал олгох зэрэг арга хэмжээнд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлж байна.

Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5.0 хувиар өсөхөөр төсөөлж байна гэлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын мэдээлснээр, барилгын материалын үнэ өнгөрсөн оны тавдугаар сараас нэмэгдэж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгын ажлуудад хүндрэл үүссэн аж. Үндэсний статистикийн газраас гаргасан барилгын үнийн индексээр тооцож үзэхэд 220 орчим тэрбум төгрөгийн өсөлт гарсан байна. Барилгын компаниудын гүйцэтгэл 30 хувь, 70 хувь гэх мэтчилэн янз бүр байгаа бөгөөд 2022 оны эхэнд дахин үнийн өсөлтийн индексийг тооцож үзэн магадлал хийгээд хэрхэн санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэж үе шаттайгаар шийдвэрлэнэ гэлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний бие даасан байдлыг хангахад чухал үүрэгтэй гэдгийг онцолсон. Гэхдээ УЦС-ын бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөлтөд Увс аймгийн Өмнөговь сумын 100 гаруй малчдын хашаа хороо, бууц, бэлчээр орчихоод байгаа юм билээ. 2022 онд тэдгээр малчдыг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговортой холбоотой зардал төсөв тусгагдсан уу хэмээн тодруулсан юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол баруун бүсийг цахилгаанаар хангана. УЦС байгуулахад байгаль болон нийгмийн нөлөөлөл бий болж байгаа нь үнэн. Гэхдээ энэ төслийг бид заавал хэрэгжүүлэх ёстой. Өөр гарцаар баруун бүсийг эрчим хүчээр хангах бололцоо байхгүй. Ганцхан жишээ хэлэхэд саяхан Хятадад УЦС байгуулахын тулд 1.2 сая иргэн, хэдэн мянган тосгоныг нүүлгэн шилжүүлсэн байна.

Усан цахилгааны станцын усан сан байгуулах 9700 га газарт, 270 орчим иргэний бэлчээр, газар тариалангийн газар бий. Албан ёсны гэрчилгээтэй, зөвшөөрөлтэй нь 50 орчим айл бий. Ихэнх баг сумын иргэдтэй харилцан ойлголцож байгаа.

Увс аймгийн Өмнөговь сумын иргэдээс нэлээд эсэргүүцэл ирж байгаа. Нөхөн олговортой холбоотой холбогдох үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж байгаа. Нөлөөлөлд автсан иргэд, аж ахуйн нэгжүүдээ одоо байгаа амжиргааны болон орлогын түвшинг дордуулахгүйгаар нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулна.

Зовлон тоочоод ажил зогсвол баруун бүсийн 70 орчим мянган иргэдийн цахилгаанаар хангах боломжгүй болно гэсэн хариултыг өгсөн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Ганбаатар, Д.Батлут, Д.Өнөрболор, Ш.Раднаасэд нар асуулт асууж хариулт авсан. Гишүүд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих урамшуулал ямар зарчмаар явж байгаа, Эрдэнэтийн зэс боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтын талаар асууж тодруулсан.

Эцэст нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Эх сурвалж: УИХ

М.Оюунчимэг: Ковид тусаагүй иргэддээ талархаж, сувилалд амраах зэргээр урамшуулъя
М.Оюунчимэг: Ковид тусаагүй иргэддээ талархаж, сувилалд амраах зэргээр урамшуулъя
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.