Сүүлийн үед олон нийтийн дунд ихээхэн эрэлттэй байгаа аппликейшн болох Gradient аппын талаарх баримтуудыг хүргэж байна.
Gradient нь VSCO, A Color Story зэрэгтэй төстэй зураг засварладаг программ хэлбэрээр анх гарсан. Тус аппликейшн нь саяхныг хүртэл тийм ч алдартай байгаагүй бөгөөд Ким Кардашьяны гэр бүлийнхэн болон зарим нэг алдартнууд сурталчилсны дараагаар маш хурдан хугацаанд хамгийн өндөр татан авалттай апп-ын жагсаалтад ороод байна.
Кайли Женнер, Ким Кардашиан, Кортни Кардашиан, Хлое Кардашиан нар бүгд өөрсдийн Gradient апп ашиглаж янзалсан зургаа инстаграмдаа хийсэн юм. Гэхдээ эдгээр нь бүгд тухайн апп-ыг зохион бүтээсэн компаниас одуудад төлбөр өгч нийтэлсэн зургууд байв.
Одоогийн байдлаар тус апп "app store" болон "google play"-д 8 сая гаруй татан авалттайгаар 1 байрт жагсаж байгаа бөгөөд 1.1 сая гаруй долларын ашиг олоод байна.
Шинэ Gradient таны авсан селфи зургийг засварлаж, алдартнуудын царайтай төстэй болгодог. Тухайлбал хэрэглэгчид өөрсдийн зургийг сонгоны дараа уг программ нь хиймэл оюун ухаан ашиглан таны царайтай төстэй харагддаг олны танил хүмүүсийн төрхтэй тааруулдаг.
Энэ нь хиймэл оюун ухаан ашиглан таны нүд, уруулын хэмжээ, үсний өнгийг өөрчлөх, арьсны өнгийг тохируулах зэрэг үйлдлүүдийг хийдэг байна. Гэхдээ сүүлийн үед тус апп нь нэлээд шүүмжлэл дагуулах болсон юм. Учир нь аппликейшны хэрэглэгчдийн тоо огцом өссөн нь уг програмыг хэн бүтээсэн гэх асуулт урган гарсан юм. Тус апп-ыг "Ticket to the Moon"-ээс гаргасан бөгөөд өөр ямар ч програм гаргаагүй байна. Олон нийтийн сүлжээнд тус компанийн талаарх мэдээлэл маш бага байдаг. Гэвч нэлээд ухвал, энэ компанийн цаад эзэмшигчид нь Оросууд байж болзошгүй.
Зарим хүмүүс тус компанийг хэрэглэгчдийн мэдээллийг зар сурталчилгаа, шинэ бүтээгдэхүүн бий болгоход ашиглаж болзошгүй гэж хардаж байгаа юм. Харин үүсгэн байгуулагчдын зүгээс "Бид зураг, царайны өгөгдлийг цуглуулж, хадгалдаггүй. Мөн гуравдагч этгээдэд дамжуулахгүй" гэх тайлбарыг өгчээ.
GRADIENT АПП ТӨЛБӨРТЭЙ ЮУ
Тус аппликейшнийг татаж авснаас хойш гурав хоногийн хугацаанд үнэгүй ашиглах эрхтэй. Гэсэн хэдий ч гурав хоногийн төлбөргүй эрхийг авахын тулд та банкныхаа бүх мэдээллийг оруулах шаардлагатай. Энэ хугацаа дууссаны дараа та долоо хоногт 4.99 фунт стерлинг эсвэл сард 19.99 фунт стерлинг төлж тус апп-ыг ашиглах юм.
Харин интернэтэд "Гурав хоногийн төлбөргүй хугацаа дууссан даруйд зөвшөөрөлгүйгээр, автоматаар мөнгө татсан" гэх гомдол дүүрээд байна.
Эх сурвалж: Mashable.com