/2021.10.25/ #NoDoubleStandard хөдөлгөөнд оролцогчид Сүхбаатарын талбайд жагсаж эхэллээ. Тэдний дунд иргэн Д.Монголхүү нарын өмгөөлөгч А.Пүрэвдулам байсан юм.
А.Пүрэвдулам: УИХ гишүүн асан С.Жавхлан жагсаал хийгээд арав хонолоо. #NoDoubleStandard хөдөлгөөнийнхөн зун жагсаал хийх үеэрээ төв талбайд хүүхдийн гутал оруулж ирэх гэснийхээ төлөө залуучуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.
Бид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө цахим орчинд эдэлснийхээ төлөө эрүүгийн / иргэн Э.Одбаяр/ хэрэгт холбогдож байна.
Заяагдмал эрхээ эдэлснийхээ төлөө яллагдагч болдог, эрүүгийн хэрэг үүсдэг, цаашлаад эрүүдэн шүүлтэд ордог дарангуйллын машин бидэн дээр үйлчлээд байна.
Үндсэн хуульд заасан тэгш эрхийг шаардсаны төлөө ийм байдалд орсон нь үнэхээр харамсалтай. Бид энэ байдлын эсрэг залуу үе сэрсэн гэдгийг мэдрүүлж тэмцэхгүй бол биднийг хэрчээд дуусна гэж эндүүрч байх шиг байна. Харамсалтай нь NoDoubleStandard хөдөлгөөнд оролцсон дийлэнх залуучуудыг хорьсон байна. Тэр бүү хэл өмгөөлөгч нь болсон намайг яллагдагчаар татсан.
Э.Одбаяр хорих ангид өлсгөлөн зарлаад олон хонолоо. Биеийн байдал нь сайн биш байгаа нь ойлгомжтой. Хэрвээ түүний бие муудаад нас барвал төр хариуцлагыг нь хүлээх үү. Түүний амийг нэхэх олон мянган залуус байгаа шүү.
Цагдаагийн албан хаагчид биднийг юу хийж байгааг шалгасан. УИХ-ын гишүүн асан С.Жавхлан биднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн учраас энд ирсэн.
Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх нь эрүүл үзэгдэл юм гэв.
Сүхбаатарын талбайн урд талд УИХ-ын гишүүн асан С.Жавхланы эхлүүлсэн "Монголоо аваръя" хөдөлгөөнийг дэмжигчид үзэл бодлоо илэрхийлж байлаа. Тэд арав дахь хоногтоо жагсаж байгаа бол #Nodoublestandard хөдөлгөөнийхөн уриа лоозмоо наагаад удаагүй байгаа юм.